| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч уржигдар телевизэд ярилцлага өгөхдөө “Одоо болсоон. Ерөөсөө ажлыг нь л эхлүүлье” гэж яаравчлуулж “Их хурал маань завсарлахаасаа өмнө энэ асуудлаа шийдээсэй гэсэн эрмэлзэлтэй байгаа” гэсэн нь хүлээлтийг улам хурцалж байна-
Алаагүй баавгайн арьсаа булаацалдаж суусан монголчууд ашгүй нэг юм баавгайгаа арай алаагүй ч бас алах төлөвлөгөө маягийн юмтай болох нь. Удтал сунжирсан хэлэлцээрийн ширээний ар дахь ойлгомжгүй яриа арай эв зүйдээ орж талууд харилцан тохиролцож эхэллээ гэж дүгнэж болохуйц үйл явдал болсноор ашгүй Оюутолгойн ордын ашиглалтад ахиц дэвшил гарах нь ээ гэсэн найдвар төрж болохоор байна. Хоёр талд хэрсэн бух шиг зогсоод урагшаа нэг ч алхам хөдлөхгүй байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлж, үе үе нэгнийхээ саналыг хүлээн зөвшөөрөхгүй буйгаа мэдэгдэж байсан талууд дундын хувилбартай болов. Хамгийн гол нь байр сууриа нэгтгээгүй байна гэж учир битүүлэг царайлдаг байсан УИХ дахь намын бүлгүүд саналаа нэгтгэлээ. Хамгийн гол хэрүүлийн алим болдог төрийн эзэмшлийн хувь гэдэг дээр МАХН-ын бүлэг даваа гаригт төр 34 хувийг эзэмших хувилбарыг дэмжинэ гэсэн бол Ардчилсан намынхан хоёронтаа хуралдсаны эцэст мөн энэ хувилбарыг дэмжихээр боллоо. .
Тэгэхээр одоо ямар нэгэн яриа маргаан гарахгүй гэсэн үг. Тэдний дэмжсэн энэ хувилбараар бол Оюутолгойн ордыг ашиглах компанийн 34 хувийг Монголын тал эзэмших, ингэхдээ үүндээ дүйх хөрөнгийг гаргах ёстой юм. Уг нь тэдний өмнө өөр нэг сонголт байсан нь компанийн 34 хувийг эзэмшихгүйгээр ордын эдийн засгийн үнэ цэнийн 55 хүртэлх хувийг Монголын тал хүртэж болох хувилбар байв. Үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс бас санал болгож байсан юм. Онцлоход энэ хувилбарыг хөрөнгө оруулагчид дэмжихээ илэрхийлээд байсан билээ.
Хоёр бүлэг л хэл амаа ололцож гэмээнэ, арай хатуугаар хэлбэл МАХН-ынхан бүлэг дотроо шийдсэн аливаа асуудал парламентын давааг даван Засгийн газрын дуулгавартай гарт ордог уламжлал шахуу тогтоогоод байгаа юм хойно Оюутолгойн гэрээнд бараг гарын үсэг зурахад бэлэн боллоо л гэсэн үг.
Уг нь ажлын хэсгийн санал болгосон хувилбарт дуулиан тарьсан татварын асуудлаар "... татварын хөнгөлөлт олгохгүй, гэнэтийн ашгийн татварыг нөөцийн ашгийн нэмэлт татвараа төлбөрөөр орлуулсан. Энэ хувилбарын дагуу төр орд ашиглах компанид хувьцаа эзэмшихгүй бөгөөд эдийн засгийн үр ашгийн өнөөгийн үнэ цэнийг 55-60 хувийг авна" гэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн энэхүү хувилбар мөнгө зээлж авч 34 хувийн эзэмшигч болж басхүү, бизнесийн эрсдлийг хүлээж байхаар эдийн засгийн үр дүнг нь хүртэж суух нь хамгийн таатай хувилбар ч гэгдэж байсан. Энэхүү хувилбарыг Монголын тал санал болговол хөрөнгө оруулагчид хүлээн авахад бэлэн гэжээ.
Ямартаа ч одоогийн байдлаар бол Монголын төр 34 хувь дээрээ л бууж ирэх нь. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээг анх хийж эхэлж байх үеийнхээ гарцан дээр бууж ирлээ.
Харин иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн хийгээд хэвлэл мэдээллийнхний байнга сануулж байсан нэг асуудал хэлэлцээрийн төсөлд орж. Гэрээг лицензийг эзэмшигч гэдэг утгаар нь "Айвенхоу Майнз Монголия инк" ("АММИ") "Айвенхоу Майнз лиметид" компанийн Монгол дахь салбартай байгуулна гэж байсан. Гэтэл энд гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" хууль зүйн субьект болохгүй. Муугаар бодлоо гэхэд нөхөн сэргээлт хийхгүй ч юм уу, хууль зөрчсөн аливаа зүйл үйлдлээ гэхэд "АММИ" хэмээх Монгол дахь бяцхан салбараа дампууруулж орхиод "яриа" дуусна гэсэн болгоомжлол байсан. Тэгвэл гэрээнд хийж байгаа нэмэлтээр бол Канадад бүртгэлтэй "Айвенхоу Майнз лимитед", Их Британид бүртгэлтэй "Рио Тинто интернэшнл холдингс" компаниуд гэрээний нэг тал болж гарын үсэг зурахаар боллоо.
Мөн л маргаан дэгдээж байсан гэрээг сунгах тухай заалтад гэрээний хугацаа 30 жил байна гэснийг өөрчилж чадаагүй. Гэхдээ 20 жилээр шууд сунгах заалтыг хөрөнгө оруулагч нийгэмд үр ашигтай, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, гэрээний хугацаанд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болон дэд бүтэцтэй холбоотой гэрээгээр хүлээсэн зарим үүргийг биелүүлсэн тохиолдолд хугацааг нь сунгахаар болсон байна. Гэрээний хувилбарыг гаргасан Ажлын хэсгийнхэн уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө, хүүг нь эргэн төлөх шаардлагагүй болсон, манай талын эдийн засгийн үр ашгийн хэмжээ татвар, хураамж төлбөр хэлбэрээр 55-60 гаруй орчимд хэлбэлзэнэ хэмээжээ.
Манайхны хувьд бас гол сонирхож байгаа асуудлын нэг нь урьдчилгаа төлбөр.
Ялангуяа эдийн засгийн хямралтай энэ үед урьдчилгаа төлбөрөө л авахгүй бол болохгүй гэж адгаж, харин хөрөнгө оруулагчид бага зэрэг гэдийж байсан бол урьдчилгаа төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, 225 сая ам.доллар болгон, хүүг нь таван хувь байхаар тогтжээ. Өмнө нь урьдчилгаа төлбөрийг 125 сая ам.доллар байхаар тогтсоныг УИХ-ын гишүүд бага хэмээн чамлаж байлаа.
Ийн ажлын хэсэг саналаа нэгтгэж, талууд харилцан тохиролцож, манай хууль тогтоогчид ч "дотооддоо" хэл амаа ололцсон болохоор юу юугүй асуудал шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт үүсэхээр байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч уржигдар телевизэд ярилцлага өгөхдөө "Одоо болсоон. Ерөөсөө ажлыг нь л эхлүүлье" гэж яаравчлуулж. Түүний хэлсэн үгэнд "Их хурал маань завсарлахаасаа өмнө энэ асуудлаа шийдээсэй гэсэн эрмэлзэлтэй байгаа" гэсэн үг унасан нь энэхүү хүлээлтийг улам хурцалж байна. Гэхдээ одоогийн байдлаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх эсэх асуудал чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орж ирээгүй байна. Улс төрийнхний хүрээнд "бусад" хэмээх асуудлууд дунд яаралтайгаар оруулж ирээд хаврын чуулган дуусахаас өмнө ядахдаа "хэлэлцэх эсэх" гэсэн томьёоллоор оруулж, хэлэлцэхээр нээлттэй үлдээх байх гэсэн яриа байна. Гэтэл хаврын чуулган уламжлал ёсоороо хаатал хэдхэн хоног үлдээд байдаг... Уламжлал ёсоор бол хаврын чуулган ирэх долоо хоногт өндөрлөх ёстой байгаа юм. Гэхдээ бас намрын чуулган ч ойрхон байгаа л даа. Дуулиант гэрээний төслийг таван жил "тойруулж" байгаатай харьцуулах юм бол... Ямар ч гэсэн алаагүй баавгайнхаа арьсыг олон жил хуваасан монголчууд одоо баавгайгаа барих талаар бодож эхлэх бололтой.
А.ТУЯА
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих