Хоёр намын сонгуулийн амлалтыг чагнаж суухад “Түмний нэг” киноны Чимид багш өгөр толгой Гүрсэд хоёрын зах дээр морь авах гэж үнэ хаялцаж буй дүр зураг санаанд буудаг юм. Гайхамшигтай жүжигчид сэтгэлээс арилахгүй дүр бүтээж дээ.
Ардчилсан нам: -Хүүхэд бүрт 10 мянган янчаан.
Хувьсгалт нам: -Шинэ гэр бүл бүрт 500 мянган янчаан. Шинээр төрсөн хүүхэд бүрт 100 мянган янчаан. Одоо муусайн юмнуудын ам ангайхгүй.
МАХН: -Хүн бүрт 50 мянган төгрөг.
АН: -Эрдэнийн хувь 1 сая төгрөг гэж өөд нь шидэв.
МАХН: -Эх орны хишиг 1 сая 500 мянга гэж муйхарлав. “Муусайн ардчиллынхан мөнгөгүй мөртлөө биднийг чулуу хөөлгөж буй юм биш биз? Тэгвэл новшнуудыг элбээд нүдчихгүй юу”. Ийм л юм болоод явчихсан.
АН анх хүүхэд бүрт 10 мянгыг амлаагүй бол МАХН-ын хуучинсаг толгойд амлалтаар сонгуульд ялах ухаан төрөөгүй ч байж болох. Чоно хөгшнөө хуурна гэдгээс хамаг гай үүссэн. Хүүхдэд тийм хайртай болоод мөнгө өгье гэсэн бол УИХ-д сонгогдсон хойноо чуулганаараа зөвшилцөж байгаад өгнө биз, заавал “Намайг сонгочих. Тэгвэл хүүхдүүдэд чинь бүгдэд нь тус бүр 10 мянгыг өгье. Намайг биш түүнийг сонгочихвол энэ мөнгө танайд ирэхгүй” гэдэг гуа ам нэг л олигтой хүний үг биш шиг санагддаг. Лав хуучны хүний мөлжүүртэй зан биш. Цөвүүн цагийн улайрсан, ичихээ больсон хүний заль агуулагдаж байх шиг оргиод дургүй хүргэснийг нуугаад яахав. Тараах мөнгө нь өөрийнх нь биш, бүх ард түмний татварт төлсөн мөнгө гэж байгаа. Бүх ард түмний мэдлийн хөрөнгөнд дур мэдэн гараа шаагаад, “Намайг сонгосон учир би өгч байна” гэх хулгайчийг уг нь барьж аваад гавлачихмаар.
“Би биш, манай нам тарааж буй юм” гэж бултсан ч адилхан гавлах ёстой. Бүх ардаас хураадаг татварын мөнгө гэж бузгай их мөнгө хоёр намынхны арааны шүлсийг байнга асгаруулж байдаг янзтай. Би үнэн хэлчих шиг боллоо. Арааны нь шүлс асгардгаас зайлахгүй. Өөрсдөө бол намайг юу ч ойлгохгүй зөнөг өвгөн бурж байна гэнэ. Үнэндээ татварын мөнгө толгойноос нь салахгүй л байгаа.
Хоёр гараараа олондоо хэрэгтэй юм бүтээгээд мөнгө олох гэсэн залуус байна. Гэтэл нөгөө арааны нь шүлс гоожсон гишүүд тэднийг өндөр татвараар боймлоод өндийлгөхгүй. Татварт, архичин шиг донтой гэнэ шүү. Ингээд жижиг дунд үйлдвэр зогсчихдог.
Гайтай улс. Бас Эрээнээс бараа зөөж, бидний амьдралыг хэрээрээ бошхийлгээд буй “гахай” чирсэн эмэгтэй голдуу наймаачин хэдийгээ татвар хахуулиар “сааж” юуны өмнө амин хувиа бошхийлгэх гээд хил дээр язартлаа цадсан гаальчдын сүрэг жанжин Цэвээнжаваараа гул бариад даналзаж буй. Би яагаад ийм хорсолтой бичээд байна вэ, гэвэл, эх орноо хөгжүүлж, ард түмнээ баяжуулъя гэсэн худал үгэнд чинь бухимдаад байна. Хоосорч ядрахын дээр намайг биднийг тэнэг мал мэт мэхэлж буйд тэсэхгүй нь. Намайг биднийг мал гэж оношилж, заль мэхээ хэрэгжүүлж буйд чинь шар хөдөлж байна.
Хоёр нам амлалтаа өгч чадахгүй нь тодорхой. Өгөхгүй юманд хий горьдохын оронд авахгүй гээд бүгдээрээ чангахан хашгираач! Өгөх гээд буй жаахан мөнгө байгаа бол түүгээрээ бизнес эрхлэгчдэд зориулсан сан байгуулъя. Эрдэнийн хувь, эх орны хишиг тарааж буй нь энэ гээд дундаас нь ихэнхийг зувчуулах ганцхан шунал томчуулын цээжинд нуугдаж байгаа вий. Шоронд суугаа сонголтоо луйвардуулсан иргэдийг өршөөх далбаан дор албан тушаалаа урвуулан ашиглаж, өчнөөн хүний амь сүйтгэсэн, улсын мөнгө толгой эргэм тоогоор идсэн хулгайчууд өршөөгдөх нь. Ард олноо яаж элэг барьж, шударга ёсоор яаж тоглож буй чинь энэ вэ? Хэлэх үг алга.
Энэ хоосон амлалтууд нэг л баллана шүү. Хоосон амлалтууд хоосон амлагчдаа дөнгөвөл ч яамай. Харин эх орны минь голомтыг л самарчих вий. Уг нь биднээс сөгөөтэй ард түмэн байсан бол худал амлагчдыг аль хэдий нь УИХ-аас эгүүлэн татчихсан. Дэлхийн хүн зоны ухамсар нэлэнхүйдээ тийм хэмжээнд хүрчихсэн. Бид л бүрэг доройдоо увайгүй амьтаст дарлуулж буй хэрэг. Өөрсөддөө гомдохоос хэндээ гомдохов. Хууль нь бидний талд байна, шударга ёс нь бидний талд байна, гэхдээ доромжлуулсаар л байх юм. Бүгдээрээ нэг хүн шиг зохион байгуулалттай тэмцвэл, дээр даналзаад буй хэдэн олигархи чинь уг нь бядгүй амьтад овойж суугаа юм шүү дээ. Даанч бид сохор хурга шиг улс юм даа.
Сэтгэгдэлүүд
,,Amlalt
Сэтгэгдэл бичих