| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Учир нь тэд хэдийгээр өмнөх Ерөнхийлөгчийн хүн гэгдэж байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээнд өөрийн хариуцсан ажил албаа хэрхэн явуулж байсан уламжлалыг шинэ хүмүүст зөвлөх, сургах л байсан байх. Шинэ Ерөнхийлөгч томилогдсон ч төрийн залгамж холбоо үргэлжилдгээрээ л үргэлжилнэ шүү дээ. Ардчиллын тэргүүлэгч орон гэж өөрсдийгөө зарлан тунхладаг, манай Ерөнхийлөгчийн суралцаад ирсэн Америкт ч Б.Обама Ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараахан өөрийн зөвлөхүүдээ томилохдоо өмнөх Ж.Бушийн зөвлөхүүдтэй зургаан сар хамтран ажиллаад “Бидэнтэй хамтран ажилласан танд баярлалаа” гэсэн батламж гардуулаад, ажлаас нь чөлөөлсөн гэдэг. Энэ зургаан сарын хугацаанд Обама өөрийн багийн зөвлөхүүддээ өмнөх зөвлөхүүдийн туршлагыг судлуулж, ажилд нь дадлагажуулсан нь лавтай.
Харин манай шинэ Ерөнхийлөгчийн зөвлөхүүд томилогдонгуут хууччуулыг ажлаас нь шууд нь чөлөөлсөн аж. Ер нь Ерөнхийлөгчийн зарим томилгоонд эргэлзэх, үл итгэх байдал нийгэмд газар авч байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний албыг давхар хашдаг. Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд өнөөдрийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Тогоог албан тушаалаас нь чөлөөлж, Ц.Бямбажавыг томилох саналыг УИХ-д өргөн бариад байна. Ц.Бямбажавыг Монголын Зэвсэгт хүчний жанжин штабыг олон улсын энхийг сахиулагч армийн хэмжээнд хүргэсэн Ц.Тогоо генералын дайтай аваад явж чадах эсэхэд зарим хүмүүс эргэлзэж байна лээ.
Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийхээ хувьд энэ зөвлөлийн нарийн бичгийн даргаар Ц.Энхтүвшинг томиллоо. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бол төрийн нууцтай шууд холбоотой. Өмнө нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гэхээс өөр товойх тодорхойлолтгүй энэ эрхмийг улсын нууцыг хамгаалаад, хадгалаад явж чадах уу гэж үл итгэн, уг томилгоог үл дэмжих зүйл ч ярьж эхэллээ. Ерөнхийлөгч хэдийгээр өөрийн багийн хүнээ томилох эрхтэй ч төрийн залгамж холбоог таслахгүй, баттай аваад явж чадах, чадвартай боловсон хүчнийг томилохгүй бол олны сэтгэл таагүй хандлагатай болж эхэллээ
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих