| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Орос ахынхаа нөмөр нөөлгөн дор социализмыг бүтээн байгуулж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, тогтвортой үнийн системтэй, байгаа ганц нийгмийн өмчөө яруу алдарт жолоодогч намтайгаа нүдлэн хайрладаг байсан манай улсын хувьд дэлхийд хямрал болж байгааг ч мэдрээ ч үгүй, тэр чинь капиталист нийгмийн үзэгдэл, мөнхийн дагуул гэхчилэн номлож байсан нь саяхан даа.
Энд өдөр болгон л телевизийн мэдээ, сонин дээр тийм компани хэдэн салбараа хааж тэдэн хүнээ халав, тэр дэлгүүр дампуурлаа зарлав, ийм ресторан үйлчлүүлэгчгүйгээс хаалгаа барив гэдгийг уншиж сонсдог ч надад хамаагүй, америкчуудын л хэрэг мэт бодож явсан билээ. Хааяадаа орж амт чанартай хоолыг нь идэж ганц хоёр зуу татан тухлах дуртай T.G.I. Fridaу (Thank God It's Friday) хэмээх гаднах зогсоол нь ч, доторх ширээ нь ч байнга дүүрэн, алжаалаа тайлж сэтгэлээ ходоодтойгоо баясгах гэсэн олны хөлд дарагддаг ч ажралгүй үйлчилдэг байсан том (ойролцоо хотуудад бас хоёр салбар нь байдаг гэнээ) зоогийн газар нэг өглөө л засвартай гэсэн бичиг өлгөөд ажилчиддаа ч хэлэлгүй үүдээ түгжээд алга болсон нь мөнөөх айхтар хямрал гээч мангасын "үр дүн" байхаас зайлахгүй тухай өдрийн мэдээнээс уншаад орой нь дэргэдүүр нь гарахдаа харвал эл хуль харанхуй оргиж хаалганы гэрлэн хаяг л уйтгартайгаар ёлтойно.
Шинэ жилийн өмнөхөн миний үйлчлүүлэх дуртай бэлэн хувцасны Mervyn's гэдэг тийм ч үнэтэй биш мөртөө гайгүй бараатай том сүлжээ дэлгүүр (10 мужид 189 дэлгүүртэй) , гаднаа бизнэсээ хааж байгаа гэж томоор бичиж өлгөөд бүх юмаа 80 хувь хямдруулан худалдаалж байх үед нь орж ганц нэг юм авахдаа энэ олон улсууд ажилгүй болох байх даа яана даа гэж бодоод өнгөрч байлаа. Том том худалдааны төв дэх эдний байр сав одоо хаалга цонх нь хаалттай бодвол худалдаж авах шинэ эзнээ хүлээгээд байгаа биз. Дөчин зургаан мянган ажилтантай, америктаа хоёрт ордог электроникийн төрөлжсөн том 567 сүлжээ дэлгүүртэй Circuit City бас хаалгаа барьж хаагаад дуусаж байх шив.

Circuit city дэлгүүр хаагдаж хаягаа буулгаж байгаа нь
Миний нүдэнд өртөж байгаа хамгийн наад захын жишээнүүд ийм байна. Хоолны газар ажилладаг зарим танилууд маань ордог хүн цөөрч орлого багассанаас ажилладаг хоног нь хорогдож цаг нь танагдсан тухай, эзэн нь бизнэсээ зарах гэж байгаа талаар сэтгэл түгшин ярихыг сонслоо. Амьдралын өртөг өндөртэй энэ газар ажилгүй болбол яаж амьдрах билээ. Тэр ч байтугай сонин, интэрнэтээр зарлаж агентлагаар дүүрэн байдаг асрагчийн ажил ч байхгүй болсон нь хүний тусламж хэрэгтэй өвгөн эмгэн нар нь явдаг газар руугаа яваад дуусчихсан юм биш, нөгөө гайт шуурганд өртөж эмнэлэг, асрамжийн газруудаас илүүдсэн сертификаттай, бичиг баримттай, хэл устай, туршлагатай ажилчид шүүрээд авчихсан юм байх.
За тэгээд би гэдэг хүн санаа амар явж байтал нэг өдөр бас "цом" авдгийм даа. Намайг ажиллуулаад цалинжуулдаг байсан хүн маань орлогогүй болчихсон. Тэгээд би ямар цалингүй ажиллалтай нь биш, тооцоогоо бодуулж мөнгөө аваад явлаа. Бараг хэд хоног амрах нь гээд баяртай байгаам биш үү. Амарлаа, ганц нэг айлаар орж амьтан хүнтэй уулзах хэрэгтэй байснаа ч гүйцээлээ, эмчид үзүүлэх ёстой байснаа ч очлоо. Интэрнэт дээр зар тавиад хоёр гурван хүн ярьсан ч олигтой санал ирдэггүй.
Сүүлийн сарын цалин үрж амжаагүй тэр чигээрээ байгаа тул хэдийгээр хэдэн сардаа санаа зовохгүй амьдрах ч сэтгэл жаахан түгшиж эхэлсэн шүү. Тэгтэл бурхан тэнгэр намайг хардгаараа харж (мөн ч буянтай хүн дээ) долоо хоноод л шинэ ажил олсон нь сэтгэлд ихэд нийцэж ядаж гэрт ойрхон, хэдэн минут алхаад орчихдог, их ч сайн эзэнтэй таарав. Одоо эзэн маань битгий дампуурчихаасай гээд л залбираад яваад байж дээ.
Амьдралын гол эх үүсвэр болсон ажлаа алдсанаас болж сэтгэлийн хямралд ороод амиа хорлосон хүн ч дуулдах л юм. Хүн гэдэг чинь нийгмийн амьтан болохоор нийгмээсээ хамаарах юм их байх юм даа. Вильсон ба Сонсини гэх 650 хуульчтай, америкийн 7 том хот ба хятадын Шанхайд салбартай хуулийн том компани нэг өдөр 45 хуульч, 68 албан хаагчаа халж түүнд нь миний таньдаг, гурван хүүхдийн ээж өртөөд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж байхтай таарч билээ. Ядаж хоёр жилийн өмнө урт хугацааны зээлээр шинэ байшин авсан байсныг нь хэлэх үү, нөхөр маань ажлаа битгий алдаасай гээд уйлж, одоо бүгд л хүнээ цөөлж байгаа болохоор ажил олдохгүй ээ л гээд байсан, юу болоо бол доо хөөрхий.
Хатуу гэрээтэй урт хугацааны зээлээр үл хөдлөх хөрөнгө авдаг америкчуудын хувьд ажлаа алдана гэдэг төлөгдөж дуусаагүй байр байшин, унаа тэргээ ч алдах аюул тулгарч байгаа юм. Зарим хүн, өрх бүл төлбөрийн чадваргүй болсноос орон гэрээсээ албадан гаргагдаж орлогогүй ядуусын байрладаг нийтийн байранд шилжиж байгааг сонин дээрээс уншиж болно.
Хэнийг ч хайрлахгүй дайран арчих далайн хар шуурга адил хаа сайгүй улс орныг доройтуулж өнөөгийн хамгийн тулгамдсан зорилго, толгойны өвчин болоод байгаа эдийн засгийн хямрал гээч гайхал хурдан далд ороосой...санаа амар аж төрөх юмсан.
Сэтгэгдэлүүд
Манай хотод сүүлийн 1-2 жилд хэдэн ч дэлгүүр, бар рестран үүдээ барив бүү мэд.
Сэтгэгдэл бичих