| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Моракот хар салхины хохирогчдод ном айлдахыг хуссэн Тувдийн шашны тэргүүн Далай ламыг Тайваньд урихыг санал болгосон сөрөг хүчнийхний хүсэлтийг тус арлын удирдагч Ма Инцзю зөвшөөрчээ. Ирэх долоо хоногт болох Далай ламын айлчлал Бээжингийн эрх баригчдыг эгдүүцүүлэх нь дамжиггүй. Түвдийн салан тусгаарлагчдын удирдагч гэгддэг Далай ламыг найрсгаар угтдаг улс бүрт Хятад аягүй ханддаг. Харин Далай лам Тайваньд хөл тавихаар болсон нь тус арлыг газар нутгийнхаа салшгүй хэсэг гэж үздэг Бээжинг бусад улсад эгдүүцдэгээс нь ч илүү хилэгнүүлж мэдэх юм. Гэхдээ зарим ажиглагчийн үзэж буйгаар Тайвань тусгаар улс байх ёстой гэж үздэг Тайванийн сөрөг хүчнийхэнтэй зөрчилдөхгүйн үүднээс Бээжин дуугүй өнгөрч магадгүй.
Далай лам сүүлд 2001 онд Тайвань аралд айлчилсан бөгөөд өнгөрөгч онд төрийн эрхэнд гарсан, Бээжингийн талыг баримтлагч гэгддэг Ма Инцзю Далай ламын зочлох хүсэлтийг өмнө нь хүлээж аваагүй аж. Харин 500 гаруй хүний аминд хүрсэн Моракот хар салхины гамшгаас болж түүний засаглалын нэр хүнд унаад буй. Гамшгийн хохирлыг барагдуулж, сураггүй бологсдыг хайхад хугацаа алдсан гэх шүүмжлэлд өртсөн Ма Инцзю удирдагчийн хувьд байр сууриа хадгалж үлдэхийн тулд юу ч хийхэд бэлэн буйг нь дээрх шийдвэр харууллаа гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр аюулгүйн албаныхантай таван цаг гаруй хэлэлцсэний эцэст Далай ламыг хүлээж авахаар болжээ. Тайванийн албаныхны мэдээлснээр Далай лам тус аралд энэ сарын 31-нд хөл тавих бөгөөд айлчлал нь дөрвөн өдөр үргэлжилнэ.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих