Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Английн хамгийн алдартай "Barings"банкны сүйрэл
2009-09-20 11:42:41 УБ

1995 оны 2 сарын 23-нд Английн эртний, нэр алдартай банкны нэг Barings-ийн нэг салбар, биржийн гол наймаалагч Ник Лисонаас нэгэн сонин факс авсан байна.

Тэр факсанд "Уучлаарай дарга аа" гэсэн 2-хон үг байжээ. Ник Лисон нь биржээс тэрбум тэрбумаар нь орлого олдог тэргүүний наймаачин нь байлаа. Банкныхан Ник Лисонтай холбоо барих гэсэн боловч амжилт олсонгүй.

Тэрээр газрын гаваар орсон юм шиг ор сураггүй алга болох нь тэр. Сандарч мэгдсэн удирдлагууд нь Никийн сүүлийн үеийн ажиллагааг шалгаж үзтэл тэрээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхой болсон төдийгүй хамгийн аймшигтай нь нийт алдагдал нь банкных нь хөрөнгөнөөс ч давсан байлаа.

Цагийн зөрөөнөөс болоод Сингапурт тав дахь өдрийн өглөөний найман цагт банкны алдагдлын тухай мэдээ очсон гэдэг. үүнээс цагийн дараа гэхэд Barings-ийн удирдлагууд шуурхай зөвлөгөөн хийлээ.

Зөвлөгөөний дараа гэхэд Barings банкийг үндэслэгчийн удам Питер Бэринг банкаа дампуурлын байдалд орсон тухай мэдээг Английн төв банкны захиралд дуулгав.

Төв банкны захирал Эдди Жоржийг амралтынхаа өдрүүдийг тав тухтай өнгөрүүлэхээр Швейцарийн Авориаз амралтын газарт дөнгөж очоод байхад нь энэ мэдээ очжээ. эдди Жорж хөлдөө цанаа углаж амжилгүй эхний суудлаар Англи руу буцан ниссэн байна.

Бямба гаригт Barings-ийн удирдлагууд хэвлэлийн хурал хийлгэх тухайгаа нийтэд зарлав. Питер Бэрингийн цорын ганц найдлага нь Төв банкны дэмжлэг байлаа. Энэ банк Аргентинд алдсан мөнгөө Төв банкны тусламжтайгаар буцаан авч байсан билээ.

Гэхдээ тэр бол 1990 он. Тэгээд ч засгийн газраас Аргентинтай хийсэн дайнаас болж банк нь алдагдалд ороод байсан билээ. Харин энэ удаа Төв банк Barings-ийг аврах шаардлагагүй гэж үзжээ.
Питер Бэрингт ямар ч нөхцөлийг хүлээн авч банкаа худалдахаас өөр зам үлдсэнгүй. Бямба гаригийн орой Брунейн султанаас худалдан авах санал ирлээ.

Банкны байдалтай танилцсан султан 4 цагийн дараа саналаа эргүүлэн авах болсноо мэдэгдэв. Энэ бол жинхэнэ төгсгөл байлаа. Даваа гаригт Английн дээд шүүхээс Barings банк дампуурсан тухай нийтэд зарлав. 7 хоногийн дараа Голландын банкны ING нэгдэл тус банкийг бэлгэдэл болгон нэг фунтээр худалдан авч өөрийн салбар болгох нь тэр.

Ник Лисон 1967 оны 2 сарын 25-нд Ватфорд гэгдэх английн жижиг хотод мэндэлжээ. Эцэг Вильям Лисон барилгын засварчин байсан тул хүүгээ барилгын инженер болгохыг хүсч байлаа. Харин ник хүү эдийн засагч болж баян чинээлэг амьдрахыг хүсч байлаа.
Ийнхүү дээд тоонд маруухан байсан тэрбээр багагүй бэрхшээлийг давж эдийн засгийн коллеж төгссөн ажээ.

1989 оны 7 сард 22 настай Лисон Английн хамгийн эртний бас нэр хүндтэй банк Barings-т туслах санхүүчээр ажилд орсон байна. Гурван жилийн хугацаанд Лисон хүү биржийн гэрээ боловсруулах ажлын бүх л нарийн ширийнийг мэдэж авчээ.

Түүгээр ч барахгүй хамт ажилладаг Лайзе Симстэй гэрлээд амжив. Лисон хүүг амжилттай ажиллаж байгааг ажиглсан удирдлага нь түүнийг 1992 онд Сингапурт байрладаг өөрийн охин компанидаа ажиллуулахаар томилон явуулжээ. Никийн гол ажил нь үйлчлүүлэгчдийн хүсэлтийг биелүүлэхээс гадна Осакийн болон Сингапурын олон улсын бирж дээр үнэт цаасны наймаа хийж орлого олох явдал байлаа.
1993 онд тэрээр өөрийн банканд 8.83 сая фунт олж байсан нь Сингапур дахь салбарын жилийн нийт орлогын 10 хувь нь болж байлаа. Дараа жил нь 28.53 сая фунт олсон нь охин компаний нийт орлогын тал хувиас нь давлаа.

Түүний орлого ч нэмэгдэж жилд 200,000 фунт авдаг байсан цалин нь 750,000 болж нэмэгдсэн бол 1995 оны 4 сар гэхэд 1 сая давсан байлаа.
1992 онд жирийн дилерээр ажлаа эхэлсэн тэрбээр удалгүй ахлах дилер болж бэк-офис буюу үнэт цаасны хэлтсийг давхар хариуцах болсон байлаа.

Сингапурын бусад өрсөлдөгч компаний мэргэжилтэнгүүд нь түүний алхам бүрийг мөрдөн ажиглаж амжилттай худалдааных нь нууад нь нэвтрэх гэж оролдох болов. Өөрөөр хэлбэл түүний ирээдүй гэрэл гэгээгээр дүүрэн байлаа.
Ник нийтлэг хөгжилтэй нэгэн байсан.

Удирдлага нь түүнийг үнэлж албан хаагчид нь хүндэлдэг байсан аж. Түүний удирдлагад байдаг албан хаагчид 1993 онд жилийн цалинтайгаа тэнцэх шагнал авч байсан бол жилийн дараа бүтэн хагас жилийн цалинтайгаа тэнцэх шагнал авч байжээ.

Үнэн хэрэгтээ Barings банкны ажил алхам алхмаар муудаж байсан. Харамсалтай нь үүнийг зөвхөн Лисон л мэдэж байлаа. Тэрээр гарцаагүй өсөх үнэт цаасанд оногдох багахан хэмжээний цалингийн нэмэгдлээр амьдрах сонирхолгүй байв.

Тиймээс Сингапурт ирсэн даруйдаа удирдлагадаа мэдэгдэлгүйгээр үнэт цаасны наймаа явуулж эхэлжээ. Мэдээж тэрээр ийм эрсдэл хийж банкныхаа орлогыг нэмэгдүүлнэ гэж тооцоолж байлаа.

Харамсалтай нь түүний санаснаар болсонгүй. Энэ нь бүх зүйлийн төгсгөл байлаа. Нэр хүнд, ажил алба, анд нөхөд гээд бүх зүйлээ алдах аюул нүүрлэв. Тэрээр буруугаа хүлээхийн оронд алдаагаа засах гэж улам их алдагдалд орсоор байлаа.

Энэ ажилд нь түүний банканд ажиллаж байсан туршлага нь тусалжээ. Тэрээр үйлчлүүлэгчдийн нэр дээр давхар данс нээж орлого олж байгаа мэт болгон банкны болон хөндлөнгийн аудитын шалгалтыг аргалж байлаа.

Тэрээр 1992 онд 2 сая фунт,1993 онд 21 сая, 1994 онд 185 сая фунтын алдагдалд оржээ. Энэ үед бичиг баримт нь түүнийг 18 сая фунтын орлого оруулсан мэтээр дүн гаргасаар байв. 1995 онд Никийн алдагдал 1.4 тэрбум фунт болж банкных нь бүх хөрөнгөнөөс давж гарлаа. Энэ тухай түүний "Уучлаарай дарга аа" гэсэн факснаас л мэдсэн билээ.

Тэрээр төгсгөл болсныг мэдмэгцээ юуны түрүүнд найз нөхөддөө төрсөн өдөртөө урьж чадахгүй болсноо мэдэгдэж уучлал гуйсан факс явуулсан байна. Тэгээд гэрийн үйлчлэгчдээ 7 хоногийн цалин болох 750 ам долларыг олгож такси захиалан эхнэртэйгээ хамт онгоцны буудал явжээ.

Лисон Малайзын Куала Лумпур хотын хамгийн үнэтэй зочид буудалд байрлаж тооцоогоо "Regenst" банкны картаар хийж байлаа. Ийнхүү тэрээр 2 сарын 25-ны төрсөн өдрөө бүрэн эрх чөлөөтэй тэмдэглэсэн байна. Лисон 2 сарын 2-нд Германы Франфурт хотод нисэн очиж тэндхийн цагдаагын газарт өөрийгөө танилцуулжээ.

1995 оны 2 сард Сингапурын шүүх банканд санаатайгаар хохирол учруулаагүй хэмээн ялыг нь хөнгөлж түүнд 6 жил шоронд хорих ял оноожээ. Шоронд түүнийг бүдүүн гэдэсний хорт хавдартай болохыг оношилж хагалгаа хийсэн бөгөөд мөн үлгэр жишээч зан байдалтай хэмээн 3 жил хагасын дараа шоронгоос суллажээ.

Эхнэр нь түүнийг байнга эргэх гэж онгоцны үйлчлэгчийн ажилд орсон боловч Лисоныг Буруу гарын диллер номондоо хувийн амьдралаа хэтэрхий илэн далангүй бичсэн гэдэг шалтгаанаар салжээ.

Тэрээр шоронгоос гараад Англид очилгүй Ирландад суурьшсан аж. Тэнд тэрээр тун ч муугүй амьдарч байгаа гэнэ. Түүнийг байнга янз бүрийн хуралд урьж илтгэл тавиулдаг бөгөөд шагнал нь 100,000 доллараас буудаггүй гэнэ.

Мөн тэрээр сонин сэтгүүлд өндөр үнээр нийтлэл бичдэг аж. Гэвч тэрээр үнэт цаасны наймаачнаар ажиллахыг хүссээр байгаа бөгөөд даан ч намайг ажилд авах зоригтон олдохгүй байгаа юм гэж санаа алддаг гэнэ.

1995 оны эцсээр Сингапурт Leeson Lager нэртэй пиво шинээр гарч хаяган дээр нь Ник Лисоны Франкфуртын нисэх онгоцны буудал дээр баривчлагдаж буй зураг болон нийт алдсан мөнгийг нь илэрхийлсэн US$ 1.4 hn тоо бичигджээ.
Барингс банкны түүх

- Френсис Бэринг Германаас ноосны наймаа эрхлэхээр 1717 онд Англид цагаачлан очсон үеэс эхэлдэг. 1762 онд түүний үр ач нар хуримтлуулсан мөнгөөр нь Barings банкийг байгуулсан юм байна.
Тэдний нягт нямбай үйл ажиллагааны ачаар энэхүү банк тун удалгүй Английн эзэнт гүрний томоохон банкны нэг болсон билээ. Энэхүү банк Наполеон болон АНУ-ын эсрэг дайныг санхүүжүүлж АНУ-ыг Францаас Луизиана мужийг худалдан авах ажилд нь зээл олгож байв.

Герцог де Ришелье 1818 онд Одоо дэлхийд 6 том эзэнт гүрэн байна. Англи, Франц, Прусс, Орос, Австри болон Baring Brodhers гэж бичиж байжээ.




Сэдэв: Бизнес

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятад болон Монгол наймаачдад бүү итгэ
Алмаазны эх орон болох нь ээ
“АГАШИ” болон МАССАЖИСТууд
"Хайрын амт" шинэ ном хэвлэгдэн гарлаа
Охидын хамтлаг бүрдүүлж байна.
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. money | 2009-09-22 09:08:21
moneyislife.bblog.mn
2. bmo | 2009-10-25 17:31:40
sonirholtoi bas emegneltei yumaa
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: