| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Оршлын оронд
Энэхүү эмгэнэлт жүжиг монгол хэлнээ орчуулагдан 1979 онд тусгай ном болж гарсан ч энд зориуд онцгойлон үзэж орууллаа.
Уг орчуулга нь өнөөдөр бараг олдохгүй болсны дээр *Эдип*-ийн эмгэнэлт түүхийн сэдэв тусаагүй орчин цагийн соёлын нэг ч салбар үлдээгүй тул олон хүнд энэ жүжиг нэгийг бодогдуулах байх болов уу. Тэгээд ч Софоклтой танилцалгүйгээр Шекспирийг уншиж болдоггүй хэмээх судлаачид ярилцах нь бий.
Софокл

Эртний Грекийн энэхүү зохиолч Антигона, Трахин хотын бүсгүйчүүд, Эдип хаан зэрэг эмгэнэлт жүжиг бичсэнээс сор нь энэхүү жүжиг бөгөөд эртний иргэншлийн хамгийн олон янзаар тайлбарлагдсан зохиол гэгддэг.
Орчин цагийн гүн ухааны герменевтикийн хамгийн содон ажлууд Эдип хаан жүжгээс үүдсэн байдаг нь ч тохиолдлын хэрэг бус. Хүний мөн чанарын баялаг эх булаг болохынх хувьд уг жүжгийн санааг үе үеийн олон зохиолч зээлдсэн юм.
Аристотелиэс эхлээд Зигмунд Фройд хүртэлх олон алдарт гүн ухаантан уг эмгэнэлээс хүний язгуур шинжүүдийн талаарх чухал тулгуур санаануудыг олсон байдаг.
За ингээд таалан уншина биз дээ.
Эдип хаан
Энэ бол үйлийн үр хийгээд эрх чөлөөний тухай, хүний эрх чөлөө гэдэг юу хүссэнээ хийхэд бус, харин хүсээгүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд оршдог гэдгийг харуулсан эмгэнэлт зохиол юм.
Фивийн хот улсад Иокаста нэрт хатан хаантай Лаий нэрт хаан засаглан сууж байлаа. Дельфид суугч нэгэн мэргэн хүн түүнд *Хэрэв хатнаас чинь хүү төрвөл, чи түүний гарт амь үрэгдэнэ. гэсэн аймшигт ёрыг зөгнөн хэлсэн юм байж л дээ.
Тиймээс Лаий хүүгээ төрмөгц эхээс нь салгаж буйд нутгийн малчинд аваачиж өгөөд уулын зэрлэг араатны идэш болгохыг тушаажээ.
Өнөөх малчинд хүү өрөвдөм хайран санагдсанд уулархаг нутагт очсоноо хөрш Коринфийн хаант улсын албат өөр нэгэн малчинд жаалхүүг бэлэглэчихэв.
Тэгэхдээ хааны хүү гэдгийг нь ер дурссангүй. Нөгөө малчин ч жаалхүүг эзэн хаандаа хүргүүлсэн байна. Коринфийн хаан угаас үр хүүхэдгүй юмсанж. Тэгээд хүүг үрчилж аваад угсаа залгамжлах ханхүү мэтээр л хүмүүжүүлжээ. Түүнд Эдип гэдэг нэр өгсөн байна.
Эдип хүчирхэг, ухаалаг хархүү болжээ. Тэр өөрийгөө Коринфийн хааны хүү л гэж боддог байв. Гэвч түүнийг өргөмөл гэлцдэг хов нэг л өдөр чихэнд нь хүрэлгүй яахав.
Эдип хавь орчиндоо гайхагдсан Дельфийн мэргэч дээр очиж өөрийгөө хэний хүү болох талаар асуужээ.
Хариуд нь Дельфийн мэргэн хүн *Чи хэний ч хүү байлаа гэсэн төрсөн эцгээ алж, төрсөн эхтэйгээ гэрлэх тавилантай юм байна хэмээжээ. Эдип золтой л ухаан алдчихсангүй.
Тэгээд Коринф руу буцаж очихгүй, харсан зүгрүүгээ тэнүүчилье гэж шийдэв.
Олон замын бэлчирт сүйх тэргэнд тухалсан цөөвтөр бараа бологсод бүхий ихэмсэг өвгөнтэй таарчээ. Эдип зам тавьж өгөөгүй тул өвгөн түүнийг бэрээдээд авч.
Хариуд нь Эдип барьж явсан таягаараа цохитол өвгөн үхэдхийн унажээ. Бараа бологсод нь Эдип рүү дайрч бага зэрэг зодоон болсны эцэст нэг нь амь зулбан, бусад зарц нь нам цохиулсан байна. Хээрийн замд иймэрхүү явдал элбэг тохиолдох тул Эдип ч цааш замаа хөөжээ.
Тэр явсаар Фивийн хотод хүрэв.
Уг хотод аюул нүүрлээд байлаа. Хотын дэргэдэх уулан дээр арслангийн биетэй эмэгчин Сфинкс үүрэлж, замаар өнгөрсөн хүн бүрээр оньсого таалгаж чадахгүй бол тасчин иддэг байжээ.
Хаан Лаий нь мэргэн хүнээс тусламж гуйхаар яваад замдаа үл таних хүний гарт алагдсан гэнэ.
Сфинкс Эдипээр өглөө 4 хөлтэй, өдөр 2 хөлтэй, орой 3 хөлтэй. тэр юу вэ? гэсэн оньсого таалгах бөгөөд Эдип *Энэ бол хүн. Нялхдаа мөлхдөг, дараа нь 2 хөлөөрөө алхдаг, хөгшрөхөөрөө таяг тулдаг* гэж хариулна. Дийлдсэн Сфинкс хадны оройгоос хавцал руу унаж үхсэнээр Фив хот энх амгалан болжээ.
Эдип хаан болон Сфинкс

Ард олон баяр хөөрт умбаж, Лаийн бэлбэсэн гэргий Иокастаг түүнд хатан болгон өгч, Иокастагийн дүү Креонт түшмэл нь болов.
Олон жил өнгөрсөн хойно Фивд бурхны цээрлэл ирж, аймшигт тахал дэгдэн мал амьтан нь хиарч тариа нь ганд цохиулжээ.
Ард олон Эдипт хандан *Чи мэргэн ухаантай сан биш билүү? Нэгэн цагт биднийг аварсан шигээ одоо дахин аварч аль хэмээв.
Софоклын эмгэнэлт жүжгийн үйл явдал ард олон ийн гуйж байгаагаар эхэлдэг бөгөөд Эдип хаан цугласан олны өмнө гарч ирнэ.
*Би Креонтыг Дельфийн зөнч мэргэнээс зөвлөгөө авахуулахаар илгээсэн гэнэ. Зөнч мэргэн *Энэ бол хаан Лаийг алсаных нь төлөөх бурхны гэсгээл. алуурчныг олоод цээрлүүл гэж хэлсэн аж.
Ингэхэд яагаад өнөөг хүртэл хааныг алсан хүнийг хайгаагүй байдаг билээ? гэвэл хүмүүс *Тэр үед цөм Сфинксийн тухайд л шаналж байсан юм хэмээжээ.
За тэгвэл одоо энэ хэргийг би биечлэн шийдэх болно гэж Эдип хаан мэдэгдлээ.
Ингээд Лаийг алсан хүнийг олоод алив бүхнээс тусгаарлаж, холын хязгаарт цөлөн бурхадын хараал идүүлэх тухай хааны зарлиг гарчээ. Чухамдаа өөрийнхөө эсрэг ийн зарлигдаж буйгаа тэр яахин мэдэх билээ?
Фивд сохор Тиресий гэгч үзмэрч аж төрдөг байжээ.
Эдип хаан түүнээс алуурчны тухай асуухад
Тиресий: *Надаас бүү үүнийг асуу. Тэглээ гээд сайн юм болохгүй гэв.
Эдип үүнд нь байж ядан уурлаж
*Тэгвэл чи өөрөө энэ аллагад оролцсон байх нь ээ? гэвэл
Тиресий дүрсхийн
Үгүй шүү. Тиймдээ тулах юм бол алуурчин нь чи. Өөрийгөө л цаазал, гэжээ.
Эдип: Ингэхэд арай Креонт хаан ширээнд санаархаад чамаар ингэж хэлүүлж байгаа юм биш биз? гэвэл
Тиресий: Би Креонтод ч, чамд ч үйлчилдэггүй, ариун бурханд л зүтгэдэг. Би сохор. чи хараатай. Гэхдээ л чи ямархан нүгэл дунд хутгалдсанаа хэн чиний эцэг эх болохыг олж харахгүй л явна гэв.
Эдип: Энэ чинь юу гэсэн үг вэ?
Тиресий: Өөрөө таал даа.Чи далд битүү оньсого таахдаа гарамгай сан.
Ингээд Тиресий яваад өгчээ.
Хүмүүс хэн алуурчин нь юм бол... Эдип гэж үү дээ. Үгүй дээ. итгэхийн аргагүй юм гэлцэнэ.
Эдип өөрийг нь урвагч хэмээн сэжиглэж буйг сонсоод ихэд бухимдсан Креонт ордонд орж ирнэ.
Креонт: Чиний хаан ширээ надад ямар хэрэгтэй юм бэ? Хаан бол эрх мэдлийнхээ боол шүү дээ. Харин над шиг хааны шадар туслах байх нь хавьгүй дээр
Эдип тэр 2 хорон үг чулуудалцана. Тэдний их дуугаар Эдипийн хатан Иокаста гарч ирэхэд
Энэ намайг хуурмаг зөнчдийн үгийг ашиглан хөөн зайлуулах гэж байна хэмээн Эдип хэлнэ.
Хариуд нь Иокаста: Бүү итгэ.Зөн билгэ, мэргэ төлөг бүгд худал байдаг юм. Лаийг төрсөн хүүгийнхээ гарт үхнэ гэж зөгнөсөн. Гэвч бидний хүү нялхдаа ууланд араатны идэш болсон юм.
Харин Лаийг их замын бэлчирт үл таних тэнэмэл хүн алсан гэж ярив.
Эдип: Их замын бэлчирт гэнэ ээ? Хэзээ хаана? Лаий ямар төрхтэй хүн байсан бэ?
Иокаста: Дельфи хүрэх замын бэлчирт, чамайг манай хотод ирэхээс өмнөхөн. Гадаад төрхөөрөө бол Лаий буурал цэх нуруутай. ер нь чамтай маш адил байсан шүү.
Эдип: Яасан аймаар юм бэ? Надтай яг адил явдал тохиолдсон шүү дээ. Арай би тэр тэнэмэл эр нь юм биш байгаа. Гэрч үлдсэн үү?
Иокаста: Ганц гэрч л бий. Тэрхүү гэрч болох хөгшин малчны араас элч зарсан гэх нь тэр.
Эдип догдолсондоо байж ядна.
Тэгтэл жүжгийн үйл явдалд эргэлт гарна.
Тайзан дээр нэг үл таних эр гарч ирсэн нь хөрш Коринф улсаас ирсэн элч ажээ.
Хаан нь нас барсан тул коринфчууд Эдипийг хаан ширээ залгамжлуулахаар дуудсан хэрэг.
Эдип хөмсөг зангидан* Үнэхээр л зөн билгэ гэдэг худал ажээ. Намайг төрсөн эцгээ ална гэсэн, хаан аав минь гэтэл өөрийн үхлээр өөд болжээ. Гэхдээ намайг эхтэйгээ гэрлэнэ гэсэн юм байна шүү. Хатан ижийгээ амьд дээр нь би Коринф руу буцаж болохгүй нь гэж өгүүлэв.
Коринфын элч:
Хэрэв үүнээс болоод явахгүй гээд байгаа бол тайвшир. Чи тэдний төрсөн хүү биш. Өргөмөл шүү дээ. Би өөрөө чамайг нялхад чинь хааныдаа аваачиж өгсөн юм.
Эдип: Хөөе эхнээр. Арай тэр нөгөө Лаийн дэргэд байсан малчин чинь биш байгаа? Шалавлаач? Ингэхэд би хэний хүү болж байна аа гэж дуу алдлаа.
Харин Иокаста бүхнийг таамаглажээ. Тэгээд Эдипт мэдэх гэсний хэрэггүй. Чамд л муу юм болно гэж хэлээд хатан хаан ордон руугаа явав.

Найрал дуучид: -Магадгүй Эдип лусын дагины ч юм уу ууланд нярайлсан бурханы хүү байж болно шүү дээ. гэж дуулалдана.
Гэвч үгүй ажээ. Хөгшин малчныг авчрахад Коринфын элч түүнд
-Чиний надад өгсөн нялх жаал чинь энэ шүү дээ гэж Эдипийг заан хэлэв.
Тэгэхэд нь өнөөх малчин Миний нүдэндээр Лаийг алсан хүн энэ мөн байна гэж дотроо боджээ.
Тэр энэ тухайгаа хэлэхийг хүсээгүй боловч Эдип мэдэхээр зүтгэнэ.
Эдип: Тэгээд хэний хүү байсан юм бэ?
Малчин хариуд нь Лаий хааны хүү байсан юм. Хэрэв энэ бүхэн үнэн бол чиний төрсөн чинь нүгэл байж, бидний чамайг аварсан ч бас нүгэл байж дээ гэж өвгөн малчин хариуллаа.
Одоо л Эдип бүхнийг ойлгожээ.
Хүн болж төрснөө би харааж байна. Гэрлэснээ бас харааж байна гэж чарлаад ордон руугаа гүйв.
Найрал дуу:
Хүний өндөр хэргэм зэрэг гэж хоосон ажээ. Хорвоо дээр аз жаргалтай хүн алга. Эдип мэргэн, Эдип хүчирхэг хаан байлаа.
Одоо тэгтэл хэн болж таарав? Эцгийнхээ алуурчин. Эхийнхээ амраг гэх аж.
Ордноос хиа гүйн гарч ирэв. Муу мэдээ:
Эдипийн эх, хатан Иокаста өөрийгөө боомилж үхжээ.Байж ядсандаа Эдип хатныхаа алтан тээгийг аваад өөрийн нүгэлт муу үйлийг харахгүйн тулд нүд рүүгээ хатгасан байна.
Ордны хаалга дэлгэгдэхэд Эдип цус бялдсан нүүртэй гарч ирнэ.

Эдип: Би биш хувь заяа ингэж шийдлээ. Би өөрийгөө яллалаа. Лаийг алсан алуурчныг хөөж цөлсүгэй. эхийгээ эзэгнэсэн шившигтний нүдийг сохолсугай гэж тэр хашхирав.
Үнэнч Креонт урьдын гомдлоо мартанЭдипийг ордондоо үлдэхийг гуйж, Дотно хүнийхээ зовлонг дотно хүмүүс л харах эрхтэй байдаг хэмээлээ.
Гэвч Эдип өөрийг нь цөллөгөд явуулахыг гуйж, хүүхдүүдтэйгээ салах ёс хийлээ.
Би та нарыг харахгүй байна. гэвч та нарыгаа юутай их өрөвдөнө вэ? гэж Эдип цурхиран уйлдаг.
Эдипийн цус холилдсон гутамшигт гэрлэлтээс 2 хүү, 2 охин төрсөн аж.
Гэвч тэдний тухай энд өгүүлдэггүй.
Харин Эдипийн нэг охин Антигонагийн тухай Софокл бас нэгэн эмгэнэлт жүжиг бичсэн юм.
Эдип хаан жүжгийн төгсгөлийн үгсийг найрал дуу ийн дуулна.
Эх орон нэгт Фиванчуудаа.
Эдип хааныг харцгаа л даа.
Бэрх хэцүү оньсгыг таагч, хүчирхэг хаан
Бид бүгдээрээ л түүнийг атаархан харж байсан биш үү?
Амьдралынх нь төгсгөл ирээгүй байгаа хүнийг, тэгэхээр
Аз жаргалтай хэмээн дүгнэж болохгүй нь байна шүү.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдТаньд би гомдохгүйHeidi Klum-ийн үс засалт Hair style at New York Fashion Week Өвөрмөц загвартай номын тавиурууд Victoria Beckham-ийн үсний засалтууд |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
ene jujig manaid tavigdsan um bolov uu
Сэтгэгдэл бичих