| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Яруу найрагч Ц.Доржсэмбэ. Баянхонгор аймагт төрсөн. Хайрын шүлгийн "Цагаан-Уул", "Аморе", "Чөлөөт сэтгэлгээний дуулал" наадмуудын тусгай шагналт. "Хэнд би таалагдах ёстой вэ?" шүлгийн түүврээ 2007 онд хэвлүүлсэн хэдий ч 90-ээд оны яруу найрагчдын тоонд зүй ёсоор багтдаг. Шүлэгчид өөр хоорондоо түүнийг "Сүүлчийн хэрмэл найрагч" хэмээн нэрийдэх нь ч бий. Дарсны ширээний ард хундага тулган суудаггүй ч сэтгэл зүрхэндээ бид биесээ анд нөхөд гэдгийг мэдэрдэг. Тиймээс тэрний тухай, бидний тухай тэрслүү үг хэлсэн хэнийг ч болов гэсгээхэд бэлэн зогсдог тийм л найзууд билээ. Амьдралаа шүүн хэлэлцэх бид дургүй, анд нөхдөө муутган чичлэхийг бид хүсдэггүй. Арилжааны утга зохиолд хуруу дүрэхийг хүсдэггүй амьдаараа үлдсэн цөөхөн найрагчийн нэг болох Ц.Доржсэмбийн шүлгүүдээс цувралаас хүргэхээр шийдлээ.
Гишгүүр
Би цас...
Харанхуйг далимдуулж
Хэний хашаанд
Ямар хулгайч орсныг
Би мэднэ.
Бүх суурингийнхны гутлыг
Улаар нь над руу харуул
Би цас...
Гэнэт ороолгон шуурахдаа
Гаргасан жигшүүрт мөрийг нь
Газрынх гэж тайтгарсан
Тэнгэрийн бодь гишгүүр юм, би.
2003. Арвайхээр
Хүний явдал
Хүний явдлаар
Яваа бүхэнтэй
Хүний явдлаар
Явсан би.
Орчлонгийн явдлаар
Яваа бүхэнтэй
Орчлонгийн явдлаар
Явсан би.
Өөрөөр явах явдлыг
Өгөөгүй бүхэнд баярлаж суухад
Юуны явдлаар явчихаад
Юунд чи надад гоморхоно вэ?
Хүний хань
Хайрладаг байсан шүтээнийг минь
Хонгорхон түүнийг минь
Хараан доромжилж зоддог
Хамаг буртагаа цэвэрлүүлдэг
Тэр этгээдийг нөхөр гэдэг.
Хонгорхон түүний минь
Хайрладаг байсан шүтээний минь
Хамаг насаараа шүтэх гэж сонгосон
Ганц шүтээн нь тэр юм.
Оёдолчны дууль
Аз жаргалыг би
Өмсөх хувцас адил
Өөртөө тааруулан урлахыг хүсдэг ч
Ур дутуу оёдолчин би
Өөртөө хэзээ ч тохируулж чаддаггүй
Өмсөөд үзэхэд багадсан байдаг.
Ханзлаад дахиад оёдог ч
Урьдынхаасаа ч бүр богинодуулсан байдаг.
Орчлонгийн бүх жаргал цэнгэлээс
Оногдсон хэмжээ нь ийм хойно
Ур дутуу гэж өөрийгөө голохоо байя
Уйтгар гунигаас жаахан зүйдэл оруулъя.
Удахгүй
Тун удахгүй би хэлгүй болно
Тэр цагт
Мянган хэлтэй бурхадын
Мэлмий туяаран баясна
Гэвч,
Хэлтэй байхад минь
Тоож сонсоогүй миний яриаг
Үгүйлж эхлэх амьдрал
Үггүйгээр оршиж
Үнэт санааг минь ойлгоно.
Тэр цагт,
Мянган хэлтэй бурхад
Хийх ажилгүй болно.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдVictoria Beckham-ийн үсний засалтуудClaudia Schiffer in Harper Bazaar Manicure ideas Rihanna-гийн үсний засалтууд Хайр хар хосолсон хорвоо минь уу |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих