Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Утга учрыг хэтэрхий эрт мэдсэн тул тэднийг эндээс аваад явчихсан юм
2009-11-06 13:34:08 УБ

Яруу найраг гэдэг заримд нь амь нас, хувь тавилан, нулимс болон ирдэг бурханы бэлэг. Үүнийг орлуулж, хуулж, хуулбарлах гэвэл чи тэр гайхамшигт урлагийг гутаан доромжилж байна гэсэн үг. Бичээд л байдаг, дуурайгаад л байдаг, хэвээрээ л байгаад байдаг шүлэгчидтэй энэ талаар яриад ч хэрэггүй биз. Жинхэнэ утгаар нь яруу найрагч байх, жинхэнэ утгаар нь зүрхнийхээ үгийг зүрхэнд сийлж үлдээхийн утга учрыг  хэтэрхий эрт мэдсэн тул тэднийг эндээс аваад явчихсан ч байж мэдэх. Яруу найрагч Б.Эрдэнэбулган, Д.Баттогтохын шүлгүүд өдгөө ч найргийг шүтэгчдийн зүрхэнд хадагдаж, сэтгэлд цуурайтсаар байгаа гэнэм. Бидний дунд байхгүй ч мөнхөлж үлдээсэн үгс нь энэ байна. Ээжүүдээ тэд яаж хайрлаж байсныг хар даа.


Б. Эрдэнэбулган - Ээждээ


Хаанаас  ч юм бэ тэр мөнхийн усыг олвол
Хайртай ээждээ өгөлгүй асгаж л орхиноо би
Орчлон ертөнцийн хаалгийг цөмөөрөө бид түлхэхээс хойш
Орь ганцааранг нь үлдээж амьдын тамд унагахгүй ээ би

Цохлоод ирдэг үйлийн үрээр ар араасаан цуварч
Цор ганцааранг нь үлдээгээд үр бид нь явчихаар
Үсэн буурал ижий минь өөрийн гараар биднийг үдсээр
Үхэлгүй хутгийг олсон ч мөнхийн шаналалд орно биз ээ

Үймүүлж сахилгагүйтэж өчнөөн хэл ам таталж зовоодог
Өнөөх гайхал Булгаа чинь өнхрөөд л таны өмнө орох ю м бол
Үргүй хүн жаргадаггүй биз дээ, миний ээжээ
Үнэндээ та бид хоёрт мөнхийн ус хэрэггүй биз дээ

 

"Мөнхий ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олох юм сан" гээд найзуудынхаа уугаад дуулж суухыг сонсоод тэр дор нь энэ шүлгээ бичсэн юм гэнэ лээ хэмээн залуу найрагч Батзаяа маань өнөөдөр сонирхуулан ярьсан юм.

Д.Баттогтох - Ижийгээ үгүйлж уйлж бичсэн шүлэг



Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь
Шувуу шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь
Ногоо ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм

Бүүрэг шиг уужим ганц шар одны гэрэл туссан энгэрт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд хажуулж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн хөөрхий тэр амьтдын ижий нь болоод тэнгэрт нисчихсэн юм

Хав харанхуй шөнөөр үүлс тэмтчиж
Харийн л бололтой өнөөх шувуудын халуун нулимс
Ижийг минь сэрээж дэрэн дээр нь унаад байхаар
Ингэж амьтны үрийг зовоохоор гээд
Өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм

Шивэр шивэр савирсан зуны салхи гэрийн хаяагаар үлээхийг сонсож
Шинэ сарын эхээр шинэхэн ногоо үнэртэж хэвтсэн юм
Харгана бүдаргана хатгаж ганцхан сартай амьтдыг уйлуулаад байхаар нь
Хадаг шиг зөөлхөн өвс ногооны ижий нь болоод газарт шингэчихсэн юм

Намайг зүүрмэглэх ахуйд өөрийнхөө ярьсан үлгэр болоод
Намар намрын навчис шиг зөөлөн хацрыг минь илж
Дандаа үгнээс нь зөрж өвс хугалдаг байсан намайг орхиод
Даалимба шиг өнгөтэй хөх өвснүүдэд сүүгээ хөхүүлэх гээд үүрээр буцчихсан юм

Ижий минь намайг гомдоогоод байхаар
Намрын шувууд шиг нисээд явчихсан юм
Ижий минь намайг уйлаад байхаар
Шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм
Ижий минь намайг зовоогоод байхаар
Хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Ижий минь намайг эрхлээд байхаар
Өвсний хүүхэд авна гээд газарт шингэчихсэн юм




Сэдэв: Энтертайнмент

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Victoria Beckham-ийн үсний засалтууд
Claudia Schiffer in Harper Bazaar
Manicure ideas
Rihanna-гийн үсний засалтууд
Хайр хар хосолсон хорвоо минь уу
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. Bat_tse_tseg | 2009-11-09 13:59:06
Ээждээ хайртай маш их хайртай. ЭНэ үгийг би өөрт хэлж чаддаггүйдээ харамсаж явдаг.
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: