Манай боксчид удахгүй Азербайжаны нийслэл Баку хотыг зорино. 12-р сарын 6-12-нд Олон улсын сонирхогчдын боксын холбооны Ерөнхийлөгчийн Цомын тэмцээнд оролцоно. Хоёр жилийн өмнө Тайваны иргэн, ноён Чинг Коу-ву энэ холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон, Ерөнхийлөгчийн Цомын тэмцээнийг төрөлх нутагт нь зохион байгуулахад манай ширэн нударгатангууд үзэлцэн, Тайваны ринг дээрээс Бээжингийн Олимпийн мөнгө, Дэлхийн аварга П.Сэрдамба хүрэл медаль хүртсэн байна. Энэ жил уг тэмцээн Азербайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдах бөгөөд зохион байгуулагчдын мэдээллэж байгаагаар тэргүүн байр эзэлэхэд гурван мянга, дэд байр хоёр мянга, гутгаар байр эзэлэхэд мянган ногооны эзэн болно.
Дэлхийн рейтингээр эхний наймд орсон шилдэгүүд цуглах ёстой ч өнөөдрийн байдлаар хараахан оролцох орон, тамирчдын нэрс тодорхойгүй байгаа ч олон улсын дээд зэрэглэлийн тэмцээн тул хэдхэн хоногийн дараа тодорхой болно биз ээ. Харин нэг зүйл тодорхой болсон нь ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Николай Хромов дэлхийн шилдэг дасгалжуулагч, Дэлхийн өсвөр үеийн аварга Сергей Собылинский дэлхийн шилдэг залуу боксчны шагналаа Ерөнхийлөгчийн Цомын тэмцээний үеэр гардан авна. Дашрамд өгүүлэхэд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны боксчдын хувьд саяхан болсон Миланы дэлхийн аваргад тун тааруу оролцсон хэмээн үзэж шигшээгийн дасгалжуулагчаа сольж, Кубын дасгалжуулагчдаас урьж авчирчээ. Энэ удаа азербайжанчууд, арлын орны хоёр удаагийн олимпийн аварга, гурван удаагийн дэлхийн аварга Марио Кинделаныг гаргаж ирсэн нэрт дасгалжуулагч Педро Рокег сонгож байгаа бололтой.
Бакугийн тэмцээний дараа манай баг ОХУ-ын Ханты-Мансийск хотод Нефтьтэй орнуудын Дэлхийн цомд оролцохоор төлөвлөж байгаа аж. Ханты-Мансийск хот 12-р сарын 16-21-ний хооронд энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулан, социалист хөдөлмөрийн баатар Фарман Салмановын дурсгалд зориулан явуулна. Энэхүү олон улсын нэр хүндтэй тэмцээнд эхний байдлаар АНУ, Франц, Швейцарь, ХБНГУ, ОХУ-ын нэгдүгээр шигшээ гэхчилэн 15 орны 80 гаруй хүчтэн оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Нэмж өгүүлэхэд энэ тэмцээний ялагч 160 мянган рубль, дэд байр 96 мянга, гутгаар байр 32 мянган рубль халаасна. Харин ялагчийн дасгалжуулагч мөн 96 мянган орос зоос хармайлна. Одоогоор Нефтьтэй орнуудын Дэлхийн цомд Олимпийн хошой аварга ОХУ-ын Алексей Тищенко хуучин жиндээ буюу 60 кг-д хүч сорих мэдээ байна. Хэдийгээр агаарын теннис, хөлбөмбөг, мэргэжлийн боксчдын тэмцээний шагналын сангийн дэргэд дээрх тэмцээний шагнал хэдий өндөр бус ч гэлээ жинхэнэ эр хүний, тэр тусмаа монгол залуусын ид хавыг харуулдаг боксын тэмцээний төрөлд эдгээр тэмцээн яахын аргагүй нэр хүндтэй, томоохон байр суурьтай аж.
Эдгээр тэмцээнд 51 кг-д Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТамирчин Н.Төгсцогт, 57 кг-д Бээжингийн Олимпийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТамирчин Э.Бадар-Ууган, 60 кг-д Азийн аварга ОУХМ З.Энхзориг, 64 кг-д Дэлхийн Цомын мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медальт МУГТамирчин У.Мөнх-Эрдэнэ нар Ардын багш Д.Бандийн хамт оролцох юм.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих