Банжиг.Нэтийн блог булангын " Монгол хүний мөрийг Африкт гаргахуй " блогоос " Харуудын тосгон руу " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.
Хөгшин найзынхаа зааснаар хурдны замаас салах нэгэн тосгоны шороон замаар орж, хэлсэн замын тэмдгийн ойролцоо замаас гарч зогслоо. Өдрийн халуунд бөгсөө хаялан залхуутайяа алхан зөрөх тосгоны хар хүмүүс, цаахна тийшээ төмөр хавтас, цаасан хайрцаг, тоосго, чулуу гээд олдож болох юу л байна тэдгээрээр хольж сольж, нөхөж босгосон оромжнууд харагдах нь дотор нь хүн амьдардаг гэхэд хэцүү хэдий ч дулаан орны, нам дор газрын хувьд өөрсдөд нь болоод л байдаг бололтой. Эдгээр оромжны зургийг би авч яваагүй тул одоохондоо тавьж чадахгүйдээ хүлцэл өчөөд, шинэ аялалдаа эргээд гарах гэж байгаа тул тэр үеэрээ эдгээр болон бас бус зүйлийн шинэ зургийг нэжгээдээр нь авч ирнэ гэдгээ та нартаа амлая.
Замын нөгөө талд хоёр хар залуу бага оврын ачааны машины тэвшийг хажуугаар нь тэр чигт нь буулгаж, тэвшин дээрээ дүүртэл нь мандарины төрлийн хэдэн шаргал жимсийг эгнүүлэн өрж, зарж зогсох нь надад тодорхой хэмжээгээр хань болж байв. Хааяа нэг гүйлдэн зөрөх хар хүүхдүүд намайг сониучирхан харах нь тосгоныхон бие биеэ мэддэг болохыг гэрчилнэ.
Сургуулийн дүрэмт хувцастай бүлэг эрэгтэй хүүхдүүд миний машины урдуур гарахдаа зарим нь гараараа далласан нь нозоорч суугаа намайг бага ч атугай сэргээж, хариу инээмсэглэн даллахдаа хөдөөний харуудын гэнэн, хиргүй цагаахан сэтгэлийг төв газрын хүмүүстэй харьцуулж бодлогошрон сууж байтал гар утас цангинаж бодол тасалдлаа. Хөгшин найз эрийг Диггс гэдэг, тэрбээр намайг эндээс тосч аван Тонго тосгон дахь хувийн, багахан эдлэндээ аваачиж байгаа талаар анхны бичлэгтээ дурдсаныг минь та бүхэн мартаагүй байхаа.
Утсаар хэлэхдээ маш ойрхон очиж байна, 20 минутын дараа уулзана хэмээсэн ч тэднийг би хоёр цаг гаруй хүлээж, сүүлдээ хань болж байсан харууд жимсээ хураагаад тосгоныхоо гүн рүү тоос татуулан одоход би л ганцаараа замын хажууд торойн үлдэв. Диггсийн хамт хоёр эмэгтэй, нэг эр ирсэн бөгөөд Диггс биднийг товчхон танилцуулаад цааш Эшави руу хөдөллөө. Би Диггсийн араас, харин Дигссийн найз эр миний араас даган явсан ба замд өнгөрөх газар нутгаас илүү тэдний машиныг харж явлаа.
Чихрийн мод ачсан ачааны том тэргүүд хөдөө газрын хурдны замд олонтаа таарах, заримдаа бидний дундуур орох, мөн замын хажууд гарч зогссон, зарим нь эвдэрсэн гээд холын толгод руу хараа бэлчээх завдал олдохгүй нилээн явсаар Эшавид ирж байгаагаа замын тэмдгээс мэдэж, тэднийг дагасаар жижиг хотын төвөөр дайрч, хойд зүг рүү л яваад байна уу гэмээр хойшилсоор замын хажуугаар байх хувийн хашаа байшинтай эдлэн газруудын нэгэнд хүрч ирлээ.
Машинаас буун хөлийн чилээ гарган тайван алхсаар тэднийг даган Диггсийн гэр лүү чиглэв.
Диггс 68 настай, яаж ургасан юм гэмээр эв хавгүй ургасан олон жижиг шүдтэй /би түүний шүдийг харах бүрдээ нэг нэгээр нь аваад буцаагаад байранд нь сайхан оруулаад өрөх юмсан гэж боддог юм/, нүүрний арьс нь хэдийн хөгширч өнгөө алдсан, наранд удаан байснаас үүсэх жижиг нөсөөт толбууд гар хөлөөр нь дүүрэн, үргэлж богино ханцуйтай урдуураа товчтой цамц, щорт, сандаал өмсдөг, нөхөрсөг хүн билээ.
Өөрийн гэсэн хураасан юмтай хөлжүү нэгэн байсан хэдий ч хэд хэдэн эхнэр сольсон, олон хүүхэдтэй, олсноо зөв зарцуулахаасаа илүү бусдад тарааж, нилээд зүйлээ өөрийн хайхрамжгүйн улмаас үрэн таран хийсэн, бэлэн амтай ч биелүүлж байгаа юмгүй, цаг гэж мэддэггүй, зэрлэг бутны амьдралтай жинхэнэ бутны хүн. Зарим хүмүүс түүнийг цагаан хар ч гэдэг. Цагаан хүн хэдий ч нутгийн харуудын хэлээр чөлөөтэй ярьдаг, амьдралын хэв маяг нь нутгийн харуудтай ойролцоо гэсэн үг л дээ. Түүнтэй уулзах тун хэцүү, 20 минутын дараа очлоо гэвэл 2 цаг, 30 минут гэвэл 3 цаг л хүлээнэ гэсэн үг.
Хашаан дотроо хоёр тусдаа байшингийн нэг нь нэг давхар /2 давхрыг 1 давхар, 3 давхрыг 2 давхар гэдэг/, дотроо олон өрөөтэй, гаднаа дээр доргүй мөн тусдаа олон хаалгатай, хүрэн тоосгон урт байрыг нутгийн хүмүүст түрээслэдэг, одоогоор есөн түрээсийн айл энэ байранд амьдардаг гэж байна.
Хажууханд нь ойр байх нөгөө нь давхар бус, цагаан шавран байшин түүний гэр аж. Хоёр унтлагын өрөөтэй, харин гал тогоо, хоолны өрөө, зочдын өрөө нь нэг дороо, хажууханд нь нэг угаалгын өрөө, тэдгээрийг өнгөрөөд ажил амралтын гэмээр өрөөгөөр дамжин арын хаалга руу очих ба тэр хаалганаас цааш саяхан зассан болов уу гэмээр шинэхэн ногооны үнэртэй зүлэг, ганц хоёр мод, харин түүнээс цааш элдэв янзын хамгаалалтын хашааны оронд огцом эрэг, эрэгнээс доош тэртээ дор асар том тогоо хэлбэртэй харагдах тэр чигтээ битүү, өтгөн ногоон мод бутаар хучигдсан нам дор газар байх ба газрын гүнд чухам юу байгааг олж харахын аргагүй, өвөрмөц, ширэнгэ лугаа адил лүглийх нь ганцхан хормын өмнөх соёлт ертөнцийг тэр даруй мартуулж тэртээх газрын гүн рүү намайг татаад авах шиг сонин мэдрэмж төрсөн нь Мадагаскартай арай ойрхон нэгэн бяцхан арлын эрэг дээр шөнө дунд орь ганцаараа зогсон, Энэтхэгийн хязгааргүй их далай, дээр нь бараантах бүрхэг тэнгэр, далайн салхи, далайн чимээ бүгдээрээ хоршин хэзээ ч илэрхийлж барахгүй тийм мэдрэхүйг надад бэлэглэснээс бас нэгэн өөр, ангид мэдрэмж байлаа. /Тэрхүү арлын талаар дараа тусад нь өгүүлэмз. Харин зэрлэг бутанд сар ганцаараа байсан маань биш шүү./
Ертөнцийн бүтээл юутай агуу, юутай гайхалтай. Байгал, эх дэлхийгээ хайрлан хамгаалж түүнээсээ таашаал авахаасаа илүү хүний гараар бүтсэн гайхамшгийг бишрэн шүтэж, хошууран тэмүүлсэн хүмүүн бид байгал дэлхийгээсээ арай л илүү холдоод байх шиг...
- Гайхалтай ертөнц гэх дуунаар бодол тасалдаж эргэн харвал хамт ирсэн Диггсийн найз эр миний адил тэртээ доош ширтээд зогсож байв. Түүнийг Скатт гэдэг, 50 гаруй насны, шонхор хамар, саарал нүдтэй, чихнээсээ эрүүгээ хүртэл битүү бүрхсэн сахалтай, нуруулаг, цэргийн хүнд л баймаар өргөн мөр, чилгэр сайхан бие зэрэг нь түүнийг залуудаа сайхан эр явсныг илтгэнэ. Ойр зуурын юм ярилцангаа түүний биеэ авч яваа байдал, амнаас нь урсах дээд зэрэглэлийн, язгууртны Англи хэл зэргээс нь түүнийг жинхэнэ жентельмен эр байна гэж би дүгнэв.
Диггсийн найз хүүхэн бид хоёр дээр ирж юу уухыг асуухад Hunter's Dry байгаа юу гэж би асуулаа. Скатт жолоо барьж яваа гээд жүржийн ундаа захиалахад би өөрөөсөө ичих шиг болов.
Диггсийн найз хүүхнийг Мелани гэдэг, 46 настай ч овор багатай, том нүд, өтгөн хар хөмсөг, монхор хамар, халимаг хар үс зэрэг нь анх миний нүдэнд тийм ч дулаахан харагдаагүй билээ. Меланий найз Сара, мөн л 50 гаруй насны, онцлоод хэлчих содон зүйлгүй, түгээмэл тааралддаг цагаан авгайчуулын нэгэн байв.
Энэ гүн, модот ширэнгэнээс хааяа сармагчингууд тэднийд зочилдог, байшин дээгүүр нь гүйлдэж цонхоор нь дотогш хардаг, үргээж айлгалгүй байгаад байвал заримдаа цонхоор гэрт нь орж толины өмнө үсний самаар нь үсээ самнаад суудаг гэх мэт сонирхолтой зүйлсийг Мелани бидэнд ярьсан юм.
Тэдний зочдын өрөөний ханан дахь нэгэн зурагны араас бяцхан гүрвэл гарч гүйснээ зог тусан, чимээ чагнаж байгаа бололтой байх нь энэ айл тэр чигээрээ бутны айл болохын бас нэгэн гэрч байлаа. Удалгүй банны өрөөнөөс үсэрсээр гарч ирэх жижигхэн мэлхийг Мелани зааж, өдөр бүр ингэж гарч салхилдаг гэж байх юм. Иймэрхүү зүйл хөдөө газраар нилээн элбэг байдаг талаар би ерөнхийдөө мэдээлэл авсан ч энэ нутаг миний хувьд хэзээд ч харийнх хэвээрээ байх биз ээ.
Бид цайлж дуусаад тосгон орохоор хөдлөхийн өмнө Диггс намайг машинаа тэдний задгай гараажид үлдээн, цааш Скаттын машинаар явахыг санал болгов. Юу гэхээ мэдэхгүй эргэлзэх зуур өндөр толгод дээгүүр, тойрч өгссөн, огцом тойрог ихтэй замаар явах тул намайг жолоо барихгүй байсан нь дээр, тэгээд ч бүрий болж байгаа тул ингэх нь зөв шийдвэр болно гэж Скатт нэмж хэллээ.
Скатт цагаан шаргал өнгийн Ланд Ровер-тэй, дотроо зай ихтэй, цэвэрхэн, харин гэрээ нүүлгэж яваа юмуу гэмээр ачаа ихтэй ч ачаагаа нэг бүрчлэн цэгцэлж янзлан тавьсан байсан ба миний солих хувцас, аппарат, дуран гэх мэт зүйлсийг өөрийн ачаан дээрээ их л нямбайлан эмхэлж тавиад, харин би машины урд түүний дэргэдэх суудал дээр тухалж, бүсээ бүслээд Мелани, Сара нарын суусан Диггсийн жижигхэн улаан машины араас даган харуудын нутгийн гүн рүү хүлгийн жолоо чиглүүллээ.
Тайлбар
Чихрийн мод - Sugar cane /Африкийн хамгийн түгээмэл тарьдаг чихрийн мод, замын хажуугаар зөрөх хар хүүхдүүд тасалж аваад идэж байгаатай хөдөө газраар зөндөө тааралддаг./
Бутны хүн - Bushman /Энэ нэрээр нэрлэсэн кино ший үзэж байсан байхаа/
Дээд зэрэглэлийн, язгууртны Англи хэл - The Queen's English /Эрт цагт хатан хаан, язгууртан хүмүүсийн хэрэглэж байсан Англи хэл. Одоо цагт өөрсдийгөө язгууртан гаралтай хэмээн үздэг зарим Англи хүмүүс ч энэ хэлээр ярьдаг ч чихнээ тун содон сонсогддог.
Бичсэн: Myrlin, Огноо: 2008-09-30
Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг:
http://africanmongol.blog.banjig.net