Өнгөрсөн жилээс эхэлсэн эдийн засгийн хямралаас болж ажилгүйдэлд нэрвэгдсэн зарим нь нутаг руугаа буцсан тул энэ тоо багассан байх. Үүн дотор виз аваад хил гаалиар нэвтрэн хууль ёсоор орж ирээд заасан хугацаанд буцаж яваагүй үлдсэн хүмүүсээс гадна "хар арми"-ын массыг буюу ная орчим хувийг бүрдүүлэгч мексикчүүд болон латин америкийн бусад орныхон ямар ч зөвшөөрөлгүй, нуугдаж бултаад л хил даваад ороод ирдэг гэнэ.
Хэдэн жилийн өмнө ноён Бушийн санаачилсан "зочин ажилчны хөтөлбөрийг" конгресст хэлэлцэх үед хилийн харуул хамгаалалтаа чангатгаж Мексик улстай хиллэдэг газраар хэдэн миль ч гэлээ урт хашаа барьж, тоног төхөөрөмж, унаа машин, нисдэг тэрэг, хилчдийн тоог нэмнэ гэсэн хуулийн төсөл яригдаж энэ арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг гаргах эх үүсвэрийг зааж өгч байсан. Хууль бус цагаачдад бичиг баримт олгож энэ оронд ажиллах амьдрах, цаашилбал ногоон картанд өргөдөл гаргаж болох тухай энэ хуулийн төслийг хэлэлцэх явцыг олон сая хүн итгэл найдвар тавин хүлээж байсансан.
Гэвч сенатаар батлагдсан төсөл конгресст олонхийн дэмжлэгийг авч чадалгүй унаж, харин дээрх хил гаалийг чангатгах тухай нь батлагдсан санагдах юм. За батлагдсан байлаа ч маньд хамаагүй тул сонирхоогүй ээ, одоо лав хашаа хороо барилаа гэж дуулдахгүй л юм байна. Хэдийгээр америкчуудын заримд нь ад үзэгдэж, хөөж явуулахыг эрх баригчдаасаа шаардсан дуулддаг ч эрх чөлөөний орон "хар" хүмүүсийг хүн гэдэг утгаар нь хүндэлж үздэг жишээ олныг дурьдаж болно.
Хамгийн наад зах нь бичиг баримтгүй, эрүүл мэндийн даатгалгүй, орлого багатай хүмүүсийг үнэгүй эмчилдэг эмнэлгүүд, эмчилгээний төлбөрийг нь төлдөг программууд бий. Үүний нэг жишээ нь том хотуудад байх Женерал Хоспитал хэмээх нэгдсэн эмнэлэг юм. Сүмүүдийн дэргэд бас буяны эмнэлэг байдаг гэж сонссон.
Аль ч хотын ахлах сургуулийн хажууд байх Adult school буюу насанд хүрэгчдийн сургуулиудад үнэгүй англи хэл сурч, бага зэрэг мөнгө төлөөд мэргэжил эзэмших сургалтанд хамрагдаж болно. Жижиг хотуудад ажлын өдрүүдэд хэлний сургалт явуулаад амралтын өдрүүдэд мөргөлөө хийдэг сүмүүд байдаг юм билээ. Саяхан нэг танилаа хуучин сурч байсан сургуульдаа бүртгүүлж оруулахдаа хэдэн зураг авснаа оруулж жишээ болгон товчхон өгүүлье.

Сургуулийн захиргааны байр. Миний нэг удаа дурьдаж байсанчлан энд байрны гол хаалгатай хамгийн ойр тахир дутуу хүний машины зогсоол байна. Хоёр зогсоолын дунд байх цэнхрээр хүрээлсэн талбай бол тэргэнцэр тавьж хүнээ суулгах зориулалттай. Цаана нь дугуйн зогсоол байна. Ер нь хичээлийн байрны гадаа ч дугуйны зогсоолууд байдаг. Зурагны зүүн өнцөгт тэрэгтэй хүний зам, уулзварыг шар өнгөөр тодруулжээ. Эргэн тойронд багш нараас гадна оюутнуудад зориулсан машины зогсоолууд бий.
Энд төлбөргүй англи хэлний хичээл, иргэн болоход бэлтгэх, эмнэлгийн англи хэл, комьютэрийн программууд, видео болон фото зурагчин, эрүүл мэндийн болон техникийн мэргэжлийн сургалт, бизнэс, хоол хийх, зураг урлаг, хай скуулын диплом олгох, шинэ эцэг эхчүүдийг хүүхдийн асаргаа хүмүүжлийн мэдлэгт сургах гээд зөндөө олон ангитай.

Англи хэлний анги хичээллэдэг гурван байрны нэг жигүүр харагдаж байна. Өглөө, өдөр, орой бас хагас сайны ангиуд хорин хэдэн танхимд хичээллэнэ. Өглөөний анги 3 цаг дүрэм заалгаж, өдрийнх 3 цаг яриа хөгжүүлэхээс гадна ажилтай хүмүүст зориулсан оройн анги 3 цаг, хагас сайнд 5 цагийн үнэгүй сургалт явуулна. Үүнээс гадна дуудлага сайжруулах, ажил олоход туслах, эмнэлгийн англи хэл гэх мэт ангиуд бий. Бүртгүүлэхэд ямар ч бичиг баримт, мөнгө төгрөг шаардлагагүй, анкет бөглөөд л болоо. Дөнгөж ирсэн хэдэн хятад хүүхдүүд энэ бүх төлбөргүй сургалтанд бүгдэд нь, өглөөнөөс аваад орой болтол сурч улмаар коллежид орохоор бэлтгэж байсныг санаж байна. Бүртгүүлэхэд тест ба ярилцлагаар шалгалт авч түвшинг нь тогтоогоод ангиудад хуваарилаад өгнө. Дүрмийн анги 7, ярианы анги 4 түвшинтэй.

Энэ байрны хоёр захад эрэгтэй эмэгтэй бие засах газрууд, голд нь багш нарын өрөө, үйлчилгээний ба хооллох танхим байна.

Энэ миний сурч байсан анги. Азиас хятад, иран, япон, солонгос, энэтхэг, индонез, бирм, тайланд, филиппин, вьетнам... багш болгон анх удаа харж байна гэдэг байсан ганц монгол, латин америкийн бараг бүх орон, хэд гурван орос, еврей, израйлаас бүрдсэн жинхэнэ интернационалч анги байлаа. Оюутны нас бол хягааргүй... арван наймтайгаас далан хэдтэй нь ч бий. Хана нь эрээлжлээд цэцэрлэгийн юм уу бага ангийг санагдуулж байгаа биз. Энэ жижиг ширээнүүдээ хааш нь бол хааш нь зөөж хэдээрээ групп болон ярилцлага хийх, эсвэл бүгдээрээ нэг том тойрог болж тойрч суугаад хичээллэнэ.
Бид заримдаа хуваагдаж хэдэн баг болоод хичээлтэй холбоотой үг таах ч юм уу зохиох, эсвэл тататунгаа маягийн тоглоомоор тоглодог, өөрсдийн эх орон зан заншил, хувийн амьдрал ирээдүйн хүсэл мөрөөдлийнхөө тухай ярилцдаг байлаа. Хэн юу хүсдэгээ илэн далангүй ичиж зоволгүй ярьж тэр нь заримдаа инээдтэй байдаг ч хэн ч шоолохгүй бүгд л хүлээн зөвшөөрнө. Уг нь япончууд ерөнхийдөө гайгүй царайлаг ч нэг тийм ч хөөрхөн биш гуч гарсан япон хүүхэн алдартай жүжигчин болно гээд ярихад хажуугийн ширээний орос авгайн цэнхэр нүдэнд доогтой харц гялсхийгээд өнгөрөхийг харснаас биш бүгд л толгой дохин дэмжиж билээ. Багш нар ч өөрсдийн тухай илэн далангүй ярьдаг, гэрлэсэн гэрлээгүй, найз залуутай, хүүхэдтэй, авгай нөхөр нь ямар үндэстэн, ямар хоолонд дуртай гээд л ярьж өгнө.

Энэ багшийн булан. Тэр комьютэр дээр хичээлээ оруулаад дэлгэцэн самбар дээр заадаг. Манай ангийн жинхэнэ багш удаан өвдөж тэр хооронд нь янз бүрийн арга барилтай олон багш орж байсан. Би заримд нь нь дуртай бүтэн суудаг, дургүй заримыг нь хагаслаад завсарлагаанаар явж оддог байв.

Эндхийн хамгийн таалагддаг юм тэр голын дэлгэцэн самбар. Дээд талд спикер нь харагдаж байна. Багш нар өөрийн программаа комьютэрт оруулахаас гадна интернэтээс дуу, видео, хичээл юу л юу үзэж болдог, дээр нь тогшоод л үйлдлээ хийчихдэг, дүрсэн дээр нь самбарын фломастран үзгээр зурж тэмдэглэж болно. Хоёр талынх нь бол жирийн самбар. Намайг ороход домогт дуучин, хөгжмийн зохиолч хөгжимчин, хорин хэдэн удаагийн Грэммитэй, төрөлхийн хараагүй Стив Вондерийн алдарт "I just called to say I love you" дууны клип явж байлаа. Харин багш нь танихгүй залуухан бүсгүй байсан. Гэрэл нь асаалттай, хаалга нь онгорхой байсан болохоор бүдэг гарчихжээ. Ер нь дулаан цагт ангиудын хаалга нээлттэй, эйркондишн ажиллаад сайхан сэрүүхэн байдаг юм.

Хаалганы дэргэд байх дэлхийн улс төрийн газрын зураг бидний завсарлагаанаар цуглардаг, өөр өөрсдийн эх орны тухай ярьж танилцуулдаг газар байлаа. Хананд өлгөөтэй утсаар нэг удаа багш ярьж байхыг харсан, сургуулийн дотуур холбоо юм уу хотын утас аль нь болохыг мэдээгүй. Энэ ширээн дээрх ногоон хавтсанд сурагчдын ирцийг бүртгэх цаас хавчуулдаг юм, энэ удаа хоосон байна. Оюутнууд их чөлөөтэй, зарим нь хожигдоод орж ирнэ, зарим нь дундаас нь гараад явна. Бүр ирэхгүй хэд хоног алга болох нь ч бий. Дүрмийн ангийнхан хэдэн төгрөгний ном авдаг, зарим нь авдаггүй байх, учир нь багш нар материалаа хувилаад өдөр болгон тарааж өгдөг, хэн нэг нь хожигдоод орж ирэхэд ширээн дээр нь аваачаад тавьж харагддаг юм. Нэг ангид сурч байснаа өөр анги руу шилжих амархан бөгөөд бүртгэдэг хүн дээр очоод тэр ангид хуваарилсан хуудас аваад л болоо.

Хоолны өрөөнд ундаа жүүсний хөргөгч автоматууд, жижгээр савласан чипс, чихэр шоколад, печенье худалдаалдаг машинуудтай.

Би тэр машинаас 50 центээр сүүтэй халуун кофе авах дуртай байлаа. Гэрээсээ юм уу хоолны газраас авч очсон хоолоо бичил долгионы зуухнуудад халаагаад иддэг оюутнууд ч олон бий.

Хоолны өрөөнд байх зарын самбар. Энд албаны, хувийн, ажил хайсан, байр хөлслөх, юм зарах гэх мэт төрөл бүрийн зарлал нүд эрээлжлүүлээд байж байна.
Томчуудын сургуулийн хичээлийн жил бүтэн жил үргэлжилнэ. Кристмасын баяраар долоо, өвлийн ба зуны амралт хоёр долоо хоног байсан, харин энэ зун дөрвөн долоо хоног амрах нь эдийн засаг муудсантай холбоотой гэж таньдаг багш ярьж байна лээ. Зарим нь гайгүй болоод анги дэвшээд солиод явчихна, зарим нь хүсвэл нэг ангидаа хэдэн ч жил "улирч" болно, хэн ч хэнийг ч албадахгүй хүн өөрийн хүссэнээрээ сурна.
Энэ сургуулийн багш ажилчид, үйлчлэгч нар говермэнт буюу төсвөөс цалинждаг. Оюутнуудын тал нь хууль ёсны оршин суугч, иргэн нь болох гэж байгаа хүмүүс гэхэд үлдсэн хагас нь, магадгүй дийлэнх нь хууль бус цагаачид байж таарна. Ийм хүмүүсийг үнэ төлбөргүй хэл сургаж энэ оронд ажиллаж амьдрахад нь туслах гэж бүхэл бүтэн сургууль барьж мэргэжилтэн багш нарыг ажиллуулж аятай таатай бүх нөхцлөөр хангаж байгаа нь хүний төлөө биш гэж үү... ийм сургууль хот болгонд, зарим томд нь хэд хэд байдаг гээд бод доо.
Энд хэн нэгнийг ялгаварлах үзэл өчүүхэн ч байхгүй, янз бүрийн гарал үүсэл, арьс өнгө, нийгмийн байдал, боловсролтой хүмүүсээс бүрдсэн бичил хамт олон бүрэлдэж багшаас аваад оюутнууд, ажилчид бүгд бие биенээ тэгш эрхтэй үзэх харилцаа тогтсон нь аргагүй л ардчиллын эх орон гэдгийг нотолно. Ангид заримдаа миний нэрийг мартаад монгол гэж дуудах нь ч сайхан санагддаг байж билээ.