
Телевизор бол орчин үеийн айл бүрийн өргөн хэрэглээ болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Зарим тохиолдолд хоолгүй байж болно, телевизоргүй байж болохгүй гэх хүн ч гарч магадгүй юм. "Баруунд хэн нэгэн телевизортойгоо гэрлэж гэнэ" гэсэн яриа ч гарч билээ. Оргүй ч биш байх.
80-ээд оны сүүл үед Японы өнгөт зурагт их дэлгүүрт анх худалдаалагдаж аймшигтай оочер болж байсныг одоогийн 30-аас дээш насныхан сайн санаж байгаа байх. Тэр үед анхны алсын удирдлагатай өнгөт зурагт гэртээ тавьсан айл жинхэнэ од болж байсан юм даг. Одоо бодоод байхад Sony, Hitachi л байсан даа. Гэвч тэд үнэхээр бат бөх, жинхэнэ япон чанар байсныг тэд одоо ч айлуудад байгаагаар харж болно. Тухайн үедээ тэд Оросын хар цагаан (Рекорд), өнгөт телевизоруудыг халж гарч ирсэн боловч одоо өөрсдөө зайгаа тавьж өгөх цаг болжээ.
Электрон барааны дэлгүүрүүдэд 2 000 000 төг (2 сая)-өөс доошгүй үнэтэй хавтгай телевизорууд лангууг эзэгнэн сүртэй гэгч нь байрласан байхыг та бид харж эхэлж байна. Зарим нэг нь яахаараа ийм үнэтэй байдаг байна аа гэж бодож болох юм. Гэвч тэд үнэхээр цоо шинэ технологи, цоо шинэ хэрэглээг санал болгож байгаа билээ. Гэхдээ л 2 сая төгрөг гэдэг бол тийм ч бага үнэ биш юм. Энэ бол монголын дундаж орлоготой айл битгий хэл нилээн баян байгууллагад хүртэл чардайлгах л үнэ дээ. Иймээс ийм их үнэ төлж яг юу аваад байгаагаа сайн ойлгох нь тун чухал юм. Магадгүй танд хэт өндөр үнээр тийм ч сайн биш технологи худалдаад байгаа ч юм билүү? Иймээс нимгэн, хавтгай, том дэлгэцтэй телевизоруудын цаана юу байгааг төнхөөд үзье.
LCD телевизор, Rear-Projection телевизор, Плазма телевизор - Гаднаас нь харахад ялгагдах юмгүй боловч үнэндээ тэс өөр технологиуд эдний цаана нуугдаж буй.
LCD гэдэг нь Liquid Crys¬tal Display гэсэн англи үгнүүдийн товчилбор юм. Монголчилбол Шингэн Талст Дэлгэц гэж болно. LCD технологийг ашиглан Телевизор, Мониторыг үйлдвэрлэж өргөнөөр хэрэглэх болжээ. Тэгэхээр энэ технологийн талаар хүссэн хүсээгүй боломжийн хирээр мэдээлэл авах шаардлага аргагүй тулгарч байна.
LCD технологи нь CRT (Cath¬ode ray-Катодын цацраг), Плазма технологиудаас эрс ялгаатай гэдгийг эн тэргүүнд дуулгая.
Дээхнэ үеийн LCD технологиуд ихээхэн болхи байлаа. Хурдтай хөдөлгөөн харуулахдаа тун тааруухан байсан юм. Бага зэрэг бүрэлзэлттэй харагдахаас гадна зөвхөн эгц урдаас нь харах шаардлагатай байв. Сүүлийн жилүүдэд эдгээр асуудлууд үндсэндээ алга болж байгаа нь тун гайхалтай. LCD, Плазма технологи бүхий телевизорууд нь хуучны бандгар CRT телевизоруудыг хуу халж эхэлж байгаа нь түүний гайхамшигт чанартай холбоотой нь дамжиггүй.
LCD технологийн хамгийн муу тал бол түүгээр том дэлгэц хийх аргагүй гэж эрт үеэс хойш удаан хугацаанд үзэж байв. Энэ технологиор зөвхөн жижигхээн дэлгэц л үйлдвэрлэж болно гэцгээж байсан юм. Энэ тал дээр тэрээр Плазма технологитой өрсөлдөж чадахгүй гэлцэж байсан боловч Sharp, Samsung, Sony, Westing¬house Digital, LG.Philips LCD компаниудаас гаргаж байгаа аварга хэмжээтэй LCD телевизорууд нь хэн ч маргахын аргагүй хариултыг өгч байна.
2004 оны 10-р сард 40"-45" инчийн телевизорууд гарч эхэлсэн ба Sharp нь анх удаа 65" инчийн аварга хавтан үйлдвэрлэснээ зарлан тунхагласан юм.
2005 оны 3-р сард Sam¬sung нь 82" инчийн ердөө л аваргын аваргыг бүтээв.
Үйлдвэрлэгчдийн байр байдлыг ажиглахад тэд ойрын жилүүдэд LCD үйлдвэрлэлд хэдэн миллиардыг ч хаяхад бэлэн байгаа юм. Арга ч үгүй юм даа, дэлхий дээр хичнээн миллиард телевизорууд байна, тэр бүгд шинэчлэгдэх болохоор үнэхээр аварга зах зээл мөн билээ.
Орчин үеийн LCD телевизоруудад өндөр шаардлага тавигдаж байгаа. Юуны өмнө multisystem буюу олон талт системтэй байх ёстой. PAL, NTSC, SECAM-ыг бүгдийг гаргаж байж сая олон улсын зах зээлд саадгүй зарагдах болно. Бас цахилгаан хүчдэлийг 110/250V болгож ихэсгэх болон багасгах боломж байх ёстой.
Түүнээс гадна та бидний сайн мэдэхгүй хамгийн гол шаардлага бол TV-ээс гадна HDTV байх явдал юм. Энэ нь таны телевизор ганц телевизор ч биш, процессорт залгагдан компьютерийн монитор болж чадна гэсэн үг. Харин одоогийн болхи CRT телевизорууд нь хэзээ ч монитор болж чадахгүй билээ. (VGA/DVI сигналаар холбогдоно) Ийм гайхалтай өргөн хэмжээний монитор дээр ажиллавал мөн ч таатай яа.
Сүүлийн үеийн зарим онцгой LCD телевизор нь гол компьютертайгаа bluetooth, WiFi зэрэг утасгүй технологийг ашиглан холбогдох болжээ. (SmartLink, Streamium фирмүүд)
LCD технологи нь туйлжуулсан цацрагуудын шинж чанар дээр суурилсан юм. Маш нимгэн хоёр хавтгай хавтан нь дундаа шингэн кристалыг агуулна. Шингэн кристал нь тус бүрдээ жижиг цэгүүдээс бүрдэх ажээ. X/Y тэнхлэгийн дагуу байрлах утаснууд нь цэг бүрд хүрч нөлөөлж чадах бөгөөд тухайн LCD цэг харлахад тэрээр 90 градусаар туйлжих болно.
Арай энгийнээр тайлбарлая л даа. Таны дэлгэцийн хавтангуудыг нааш цааш гүйсэн утаснууд нэвт хэрсэн байна. Хэрвээ тэнд нэг цайрах шаардлагатай бол түүнд нөлөөлөх хүчдэлийг багасгах бол эсрэгээр бараан болгох шаардлага гарвал илүү их хүчдэл өгөх ёстой.
Орчин үеийн LCD телевизорын хөгжил бол үнэхээр амжилттай явж байгаа хүн төрөлхтний төслүүдийн нэг юм. Сүүлд гарсан PVA/S-PVA LCD-нүүд нь 178 градусын ташуугаас үзэж болохоор болсон байна. Бараг л эгц хажуугаас нь гэсэн үг шүү дээ. Маш сайн контрасттай болсныг дурдалгүй болохгүй. Маш их гэрэлтэй (нар туссан гэх үү дээ) өрөөнд хүртэл тод цэвэрхэн харуулж чадна. Тэгсэн мөртлөө тас харанхуйд үзэхэд автоматаар контрастаа тохируулан намсгаж чадах ажээ. Тэр байтугай зарим үйлдвэрлэгч нар дүрслэлийг улам сайн харуулахын тулд арын хана руугаа гэрэл хаяж чаддаг телевизор хүртэл үйлдвэрлэжээ.
CRT ТВ дээр дүрс солигдох үед сүүмэлзэх байдал харагддаггүй нь түүний дүрс бүтээж байгаа мөн чанар нь өөрөө хурц байсантай холбоотой. Түүний хором болгоны дүрслэлийг электронуудаар буудаж зурдаг билээ. Ердөө л 1 миллисекундэд нэг удаа буудаж дүрсийг гаргадаг учраас та бидний нүдэнд анзаарагддаггүй. Нэг бүтэн давталт нь 20 мс орчим болдог бол LCD цэг болгон нь өнгөнийхөө эрчимжилтийг өөрчлөх шаардлагатай болдог. Цэг өнгөө солих бүтэн хугацаа нь 12-25 мс орчим байна.
Response time (хариу үзүүлэх хугацаа) нь цэвэр хараас цэвэр цагаан руу хэрхэн шилжиж чадах вэ гэдгийг харуулдаг чухал үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь overdriv¬ing хэмээх технологийн ачаар маш их сайжраад байгаа. (хар.саарал, саарал.цагаан) Гэхдээ энэ шилжилт нь refresh бүтэн давталтын хугацаанаас бага байна.
LCD ТВ-ийн эхэн үед сүүмэлзэлт нь нилээн том бэрхшээл байсан бөгөөд үйлдвэрлэгчид компьютерийн мониторт 4мс-ээс, телевизорын хувьд 8 мс-ээс бага response хугацаатай болгов.
Үүнийг шийдэх 2 технологи гарч ирсэн. Эхнийх нь LCD хавтангийн ард байрлах гэрэл нь Refresh time-аас аль болох бага хугацаанд галлах явдал юм. Энэ нь тухайн цэг дараачийн авах ёстой өнгөндөө хувирахад бэлтгэчихсэн байлгах үүрэгтэй ажээ. Гэвч энэ нь CRT дээр байдаг анивалзах алдааг давтах болсон. Камераар мониторыг авахад аймшигтайгаар дайвалзаж дүрснүүд гүйж байдаг шүү дээ. Харин хүний нүд 50-60 Hz давтамжийг анзаардаггүй юм.
Дараачийн арга бол LCD хавтан нь давхар Refresh Rate-тэй болох явдал юм. Завсрын хүрээг төрөл бүрийн хөдөлгөөнийг тэгшитгэх аргуудыг ашиглан дахин зохион байгуулна. Европт 100 Hz бүхий өндөр давтамжтай CRT телевизорууд туршигдсан удаатай.
Хамгийн сайн арга бол дээрх хоёрыг хослуулах явдал юм. Энэ нь маш сайн дүрслэлийг алдаа мадаг багатайгаар дүрслэх боломжийг олгоно.
Зарим үйлдвэрлэгчид бүр давраад LCD телевизор дээр өргөтгөсөн өнгийг гаргахаар оролдож байна. Хэдийгээр одоогийн LCD хавтан нь бүхий л RGB (Red, Green, Blue) өнгөнүүдийг гаргахын сацуу эдгээрийн хослолоор бүх өнгийг гаргаж чадах боловч бүр илүү өнгө дүрслэлийг хүсээд байгаа бололтой. Хамгийн энгийн арга нь өнгөний давхарга нэмэх явдал юм. Дөрөв, тав бүр цаашилбал 6 өнгөний давхаргатай телевизорууд гарч эхлээд байна. Яг л мэргэжлийн хэвлэлийн технологи шиг. Мэргэжлийн хэвлэлийн газрууд та бид шиг 3-хан өнгөний хүрээнд биш 4, 5, 6, бүр 8 өнгөний тухай ярилцдаг. Нөгөө арга нь арын гэрлийг (LED) маш нийлэмжтэйгээр давхраар нь үйлдвэрлэх явдал бололтой.
Яг өнөөдөр LCD дэлгэцийг маш олон юманд хэрэглэж байна. Тухайлбал гар утасны дэлгэцийг юун түрүүнд нэрлэж болно. Тэгээд компьютерийн монитор, телевизоруудыг дурдах хэрэгтэй. Тэдгээр дэлгэцийг шил шиг 2 хавтгай материалын дунд шингэн кристалуудыг байрлуулдаг. LCD дэлгэцийг учир мэдэх хүмүүс "Trans Missive" (Транс илгээлт) хэмээн нэрлэх нь бий. Учир нь яг үнэндээ шингэн кристалууд нь дүрсийг харуулахад шаардлагатай гэрлийг үүсгэдэггүй бөгөөд харин дэлгэц рүү илгээх гэрлийг удирддаг юм. Ерөнхийдөө дэлгэц нь гэрлийн цацрагийн төвшинг л удирддаг юм. Шингэн кристал нь өөрсдөө бие дааж гэрэл үүсгэх чадваргүй бөгөөд харин түүгээр дамжих цахилгааны хүчдэлийн нөлөөгөөр хэр их гэрэл дамжуулахыг л шийддэг.
Тэгэхээр шингэн кристалуудын цаана гэрлийн эх үүсвэр байж байдаг болж таарах нь ээ. Тэрхүү электрон ламп нь LCD хавтангийн цаана байрлах бөгөөд түүнээс гарах гэрлийг цагаан өнгөтэй сарниулах хавтан нь нэг жигд гэрлийн хавтгай болгож хувиргаад LCD хавтан руу илгээнэ. Ингээд л шингэн кристалууд маань гэрлийн аль хэсгийг ямар хэмжээтэйгээр дамжуулахаа шийддэг болж байна даа. Тэгэхээр та бид үнэндээ зарим нь хаагдсан зарим нь онгорхой байгаа асар олон жижиг цэгүүдийг хардаг байх нь..
LCD дэлгэцийн хамгийн том давуу тал бол маш нимгэн хийгдэх боломжтой юм. Хуучны CRT дэлгэцийг гар утсанд суулгах гэж оролдоод ч нэмэргүй шүү дээ. Тийм бандгар утсыг хэн ч барихгүй болохоор шууд л хэрэглээгүй болж байгаа юм. Нэгэнт хэрэглээгүй болохоор хичнээн хямд, найдвартай байлаа ч нэмэргүй юм даа. CRT ба Плазма нь бага зэргийн цацраг туяа ялгаруулдаг. Цацраг туяаг хичнээн шүүгээд ч бага хэмжээнийх ялгарч та бидний тархи, нүд рүү нэвтэрч л байгаа шүү дээ. Харин LCD-д угаасаа ийм ойлголт байхгүй. Түүнээс гадна тэрээр фосфор бүхий цацраг үйлдвэрлэдэггүй болохоор эрчим хүчийг нөгөө хоёроосоо хамаагүй бага хэрэглэх нь тодорхой.
Дээхнэ үеийн LCD дэлгэцүүд нь зөвхөн эгц урдаасаа (шалтгааныг нь та гадарлаж байгаа биз ээ) харагддаг байсан болохоор компьютерийн монитроос өөр зүйлд хэрэглэхэд төвөгтэй байв. Харин одоо бараг хажуугаас нь харсан ч болохоор болтлоо сайжирчээ. Плазма хүртэл ийм нарийн өнцгөөс (170-аас дээш) харах боломжгүй байгаа шүү дээ.
Маш нимгэн хийгдэх боломжтой. Нимгэн гоёмсог LCD телевизорууд нь орчин үед жинхэнэ моод болж байгаа билээ. Бандгар бөгстэй CRT телевизороос болж гэрийн дотоод интерьер үргэлж хүнд байдалд ордог байсан.
Плазма, CRT-г бодвол маш бага эрчим хүч хэрэглэнэ.
Хурц тод дүрслэлийг гаргах боломжтой
Амьдрах хугацаа нь плазмаг бодвол илүү урт. Зарим үйлдвэрлэгчид дэлгэцдээ 80 000 цаг үзэх баталгааг олгож байгаа. (9 жил гаруй)
Зарим дэлгэц дээр арын гэрлийн үүсвэрийг (электрон ламп) солих боломжтой.
Маш олон зүйлд давхар хэрэглэх боломжтой. (Нэг зэрэг ТВ, монитор болох гэх мэт)
Плазмаг бодвол илүү үнэтэй. Инч болгоноороо үнэ нь эрс нэмэгдэнэ.
Одоохондоо Плазмаас илүү том хэмжээтэй байж чадахгүй. Зах зээлд ихэнхдээ 10"-45" инчийн хэмжээтэй байгаа.
Өнгөний ялгарал плазмаг бодвол тааруухан, хар, саарал зэрэг нь тийм ч гүн тод байж чаддаггүй.
Хөдөлгөөнт объектыг даган сүүл үлддэг. Өөрөөр хэлбэл дагаад бага зэрэг сүүмэлздэг.
20 градусаас илүү өнцгөөр харахад дүрслэл мууддаг. Гэвч сүүлийн үеийн телевизоруудад энэ байдал хамаагүй гайгүй болсон. Гэвч та хэзээд ч гэсэн шалгаж байгаарай.
BenQ
Hitachi
Philips
Fujitsu
LG
Marantz
Mitsubishi
Panasonic
Pioneer
RCA
Samsung (Сэтгүүлээс сайшаав)
Sampo
Sony Electronics
Viewsonic
Zenith
Плазма дэлгэцийг Plasma Display Panel (PDP) гэх нь бий. 2 нимгэн шилэн хавтангийн дунд байх плазма нь фосфор гэрлийг ялгаруулдаг хавтгай дэлгэцтэй дэлгэц гэж ойлгож болно.
Хамгийн анх плазма дэлгэцийн технологийг Illinois-ийн Их Сургуулийн Donald L.Bitzer ба H.Gene Slottow нар 1964 онд PLATO Computer System-д зориулсан судалгааныхаа үеэр олж илрүүлсэн гэдэг. 1970-аад оны эхэн үед хар цагаан хавтан бүхий плазма дэлгэц ид моодонд орж байсан юм. Гэвч дэлгэц нь тэгш бус, санах ой огт байгаагүй. 1970-аад оны сүүл үе гэхэд худалдаа эрс унаж эхэлсэн юм. Яагаад гэвэл тэр үед CRT дэлгэцүүд бүтээгдсэн нь үнэ, хүчин чадал зэрэг бүх зүйлээрээ Плазмаас илүү байсан билээ. Гэсэн ч том хэмжээтэй дэлгэц, нимгэн байдлаараа тансаг гэсэн имижийг бүрдүүлж өнөөг хүртэл явж ирсэн юм. Дээр үед плазма телевизорыг Засгийн Газрын ордон, Их дэлгүүрийн танхим зэрэгт л байрлуулах боломжтой, тийм үнэтэй байлаа.
1983 онд IBM корпораци 19" инчийн хар дээр улбар шар нэмэгдсэн (хар цагаан л гэсэн үг) монохром дэлгэц үйлдвэрлэснээ зарлаж дэлхий даяар шуугиан тарив. (3290 загвар гэж алдарт гарч байсан гэх юм) Түүнийгээ IBM 3270 виртуал машин гээчийн үйлдлийг харуулахаар 4-ийг зэрэгцүүлэн зоосон байв. 1987 онд IBM-ийн үйлдвэр Plasmaco болон өөрчлөгдөж зөвхөн энэ чиглэлээр дагнасан юм.
Үйлдвэрийг Dr.Bitzer-ийн оюутан байсан Dr.Larry F.Weber толгойлох болсон нь түүний ирээдүйг тодорхойлжээ. 1992 онд Fujitsu нь дэлхийн анхны 21 инчийн бүтэн өнгөт дэлгэцийг танилцуулав. Тэр нь Illionois-ийн Их Сургууль, NHK STRL-ийн хамтран боловсруулсан телевизор байлаа. Гэтэл 1996 онд Matsushita нь нөгөө алдарт Plasmaco-г Америк дахь тоног төхөөрөмж, өнгөний AC технологийнх нь хамт худалдан авчхав. Дараа жил нь Pioneer хэмээх компани олон нийтэд зориулж Плазма телевизорыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлсэн.
1992 оноос эхлэн дэлгэцийн топ хэмжээ 21-ээс багагүй болж эхэлсэн. Хамгийн том плазма дэлгэцийг CES (Consumer Electron¬ics Show - Хэрэглэгчийн Электроникийн Шоу) дээр 2006 онд Лас Вегаст танилцуулжээ. Тэрээр 103" инчийн аварга байсан нь ёстой л үзсэн бүхний нүдийг орой дээр нь гаргасан билээ. Түүнийг Matsushita Electrical Industries (Panasonic) хийжээ.
Саяхныг болтол хамгийн тод ялгаралтай, өнгөлөг дүрслэлтэй, өргөн өнцгөөс харах боломжтой, өнгөт плазма телевизор нь LCD-ээс олон талаар давуу байв. Тэгээд ч энэ технологийг ашиглан HDTV үйлдвэрлэдэг байсан юм. Гэсэн ч харамсалтай нь LCD технологи санаснаас хамаагүй хүчирхэг болж плазмаас бүхий л талаараа дутах нь бүү хэл, илүү ч гарч эхэлсэн юм. Бага жин, өндөр чанар, эрчим хүчний хэмнэлт, цацраг ялгаруулдаггүй зэрэг зэвсэглэлтэй LCD-нүүд нь Плазмын зах зээл рүү хүч түрэн дайрч байна.
Плазма дэлгэцийн гол давуу тал тод өнгө юм. Түүнээс гадна түүнийг маш том хэмжээтэй үйлдвэрлэх боломжтой. LCD-ийг маш харанхуй өрөөнд үзэхэд жаахан асуудалтай бол плазма нь ажиллаж байхдаа төгс хар өнгийг дүрсэлж чадна. Учир нь тэрээр өөрөө гэрэлтдэг плазма технологитой шүү дээ. Дэлгэцийн зузаан нь дөнгөж 6 см, эрчим хүч, залгуур зэрэг бүхий л зүйлсээ оролцуулаад 10 см болно. Харин Плазма нь метр дөрвөлжин болгоныхоо хэмжээгээр тогийг ихээр зарцуулна. Үйлдвэрлэгчдийн дурдсанаас арай бага тэжээл зарцуулдаг нь ажиглагдсан бөгөөд 50" инчийн дэлгэц нь 150 Ватт тог хэрэглэнэ.
Орчин үеийн эмзэг төхөөрөмжүүдэд анхаарах ёстой чухал үзүүлэлт байдаг нь түүний амьдралын нас юм. Үүнийг ихэнх хэрэглэгчид огт анхаардаггүй буюу огт мэддэггүй. Сүүлийн үеийн плазма телевизорууд нь 60 000 цаг (7 жил гаруй) асах амьдралын хугацаатай гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Гэвч хамгийн тод өнгө дээрээ байнга ажиллах аваас хугацаа 2 дахин багасна. Иймээс өнгөний тохиргоог өрөөний гэрэлтүүлгээс хамааруулан ашиглаж байх нь дэлгэцийнхээ насыг уртасгах чухал алхам болно.
Эцэст нь хэлэхэд Плазма нь бусад технологийн телевизоруудыг бодвол маш том хэмжээтэй байхаас гадна нимгэн хийгдэх боломжтой. Тэрээр өнгийг маш сайн ялгаруулж, тод хурц дүрслэлийг гаргана.
Плазма телевизор нь Xenon эсвэл Neon гэж нэрлэгдэх плазма хийний аль нэгнээр хийгдэнэ. Эдгээр хийнүүд нь дэлгэцийг бүрхэх асар олон боловч бяцхан нүхнүүдэд (цэг) байрлана. Цэг болон түүн доторх дэд цэгүүд нь фосфороор хучигдсан байх бөгөөд цэг болгон нь 3-н өнгө (Red, Green, Blue) харуулах тус тусын үүрэгтэй дэд цэгүүдээс бүрдэнэ. Эдгээр бүх цэгүүд хоёр нимгэн шилний дунд хавчуулагдах нь мэдээж. Хоёр хавтанг электрод холбох бөгөөд электродууд нь хавтан хичнээн л урт байна, тэр чинээгээр уртасна. Электродууд нь дэлгэцэд байрлах бяцхан компьютертай холбогдоно. Компьютер нь аль цэгт ямар өнгө гаргахыг тооцоолсны дагуу электродоор дамжуулан сигналыг илгээнэ. Сигнал нь цэгт очин хийг дэмжсэнээр хий нь ултраяагаан цацрагийг ялгаруулна. Ултраягаан цацраг нь цэгийг бүрхсэн фосфорт нөлөөлснөөр цэг бүхэлдээ шаардлагатай өнгийг гаргана.
Нимгэн загвар (Бараг л хана юм шиг суурилуулах боломжтой)
LCD -ээс том
LCD-г бодвол өргөн өнцгөөс харах боломжтой
Үйлдвэрлэхэд хүндрэлтэй бөгөөд зөөх, суурилуулахад хэврэг
Үнэтэй боловч LCD-ийн томыг бодвол хямд
Хуучны дэлгэцүүд burn-in болж толботдог байсан.
Эхний 2000 цагт өөрийн хэвийн өнгөөр ажиллана. Цааших цаг тутамд аажмаар бүдгэрнэ.
Хэт өндөрт (тухайлбал 6000 футаас дээш) ажиллуулахад бүрэлзэх аюултай.
Тэмдэглэл: Энэ бүх давуу болоод сул талууд нь жил бүр өөрчлөгдөх өндөр магадлалтай байна. Аль ч технологийн хувьд эрдэмтэд, дэлхийн шилдэг корпорациуд ид хөгжүүлж байгаа гэдгийг анхаараарай.
Aka
BenQ
Cornea
Electrograph
Fujitsu
Hitachi
JVC
LG
Panasonic (Сэтгүүлээс сайшаав)
Philips
Pioneer
Sony
Toshiba
ViewSonic
Zenith
Зах зээл дээр Projection телевизорууд байдгийг та анзаарсан байх. Энэ ямар учиртай телевизор вэ? Pro¬jection гэж юу гэсэн үг вэ? Энэ талаар ихэнх хэрэглэгчид огт мэддэггүй нь тэдний ч буруу биш юм. Харин одоо та бид энэ талаар маш сайн мэдээлэлтэй болж авна.
Projection гэдэг нь проекц, тусгал гэсэн англи үг билээ. Rear Projection гэхээрээ ардаа проекцтой гэсэн утга гарч байна. Өөрөөр хэлбэл жинхэнэ дүрсний дэлгэц нь үнэндээ жижиг боловч нүүрэн (таны харж байгаа) дээрээ проект маягаар дүрсэлдэг телевизор юмуу даа. Бид ханан дээр проектороор тусгаад л кино үздэг шүү дээ, тэр чинь л юм.
Ардаа projection-той телевизорын 4-н янзын технологи байна. Хуучны CRT rear-projection, DLP rear-pro¬jection, LCD rear-projection, LCoS rear-projection.
CRT Rear-projection: Олон жилийн турш зах зээл дээр ноёрхож байсан хуучны загвар. Хуучны CRT-тэй адил технологи юм. Өнгө болгонд зориулагдсан 3-н хоолой байх бөгөөд тэдгээр нь телевизорын дэлгэц рүү шаардлагатай дүрслэлийг тусгана. Гурвын гурван цацрагийн хоолой байх шаардлагатай гэхээр энэ телевизор нь асар том, хүнд болох нь ойлгомжтой. Ийм хүндрэлтэй болохоор ийм телевизор хийвэл нэгмөсөн нилээн том хэмжээтэй хийдэг. Дор хаяж 50" инчээс багагүй дэлгэцтэй байдаг. Гэвч ихэнх компаниуд ийм телевизор хийхээ больжээ. Өнгөний хоолойнуудын тусгалыг маш сайн тохируулах шаардлагатай, өнцгөөс харах боломж муу, дүрслэлийн чанар муу зэрэг шалтгаанууд түүний үйлдвэрлэлд нөлөөлсөн нь мэдээж.
DLP Rear-projection: (Digital Light Processing - Дижитал гэрэл боловсруулах) Texas In¬struments-ийн боловсруулсан технологи юм. Эргэж буй өнгийн дугуйгаар гэрлийг илгээх бөгөөд тэдгээр гэрлүүд нь сая сая жижиг толинуудад очдог. Толинууд дэлгэц рүү дүрсийг үүсгэн тусгана. DLP нь CRT-г бодвол арай нимгэн саванд орох боломжтой. Гэвч DLP-ийн гол дутагдал бол дүрсэн дээр нь солонгын гэх эффект гарч ирдэг явдал юм. Түүнчлэн гэрэл үүсгэгч лампыг 8000 цаг ажилласны дараа солих шаардлагатай болдог.
LCD Rear-projection: Жинхэнэ дэлгэц рүү проекцоор тусгах үүрэгтэй жижиг LCD дэлгэц бүхий телевизор юм. Энэ нь DLP-г бодвол нимгэн боловч дүрслэлийн чанар нь DLP шиг сайн биш юм. Түүнчлэн өнцгөөс харах боломж маш муу. Эгц урдаас нь харж үзэхийг зөвлөдөг. Мэдээж хөдөлж байгаа объект сүүмэлзэж сүүл хаях нь ойлгомжтой.
LCoS Rear-Projec¬tion: нь хамгийн сүүлд гарсан технологи юм. Liquid Crys¬tal on Silicon гэсэн үгнүүдийг товчлол агаад монголчилбол Силикон (цахиур) доторх шингэн кристал гэж ойлгож болно. Ихэнхдээ л LCD болон DLP технологиудын хольц байдаг. LCD хавтангаас гарч байгаа гэрлүүд нь DLP толинууд руу очно. LCoS нь "солонгын эффект" байхгүй гэж өөрийгөө сурталчилдаг бөгөөд бусад технологио бодвол хамаагүй нимгэн болж чаддаг. Гэсэн ч ийм телевизоруудын доторхийг үйлдвэрлэхэд маш их зардал гардаг тул ихэнх үйлдвэрлэгчид эдгээрийг хийхээс татгалздаг.
ҮНЭ
Плазма болон LCD-г бодвол илүү том байж чадна.
ТВ-ийн гаднах сав нь маш том
"Солонгын эффект" гэх мэтийн дутагдалтай. Хэт хурц гэрэлтэй орчинд дүрс муу харагдана.
Плазма, LCD-г бодвол харах өнцөг маш муу
Ер нь шуудхан хэлэхэд Плазма, LCD нь арын тусгалтай телевизорыг бодвол дүрсний чанар хамаагүй илүү юм. Тусгал бүхий телевизор нь контраст, өнгө зэргийг тохируулах боломж муутай, тэгээд ч өдөр тутам зах зээлээс шахагдаж байгаа нь харагдаж байна. Гэсэн ч Xbox, PlaySta¬tion зэрэгт зориулсан тусгай загварын арын тусгалтай телевизорууд зах зээлд амжилттай зарагдсаар байна.
Samsung
Panasonic
Бусад
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдIphone-ийг модем болгон ашиглахХамгийн муу 10-н технологи "Hack"-ийн түүхээс Сибирийн төмөр зам Түр сааталтай холбоотой мэдээлэл |
Төстэй мэдээнүүд |