УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхантай уулзаж, олон нийтэд сонирхолтой байх гэсэн зарим асуултад хариулт авлаа.
-Сүүлийн үед БНН, ҮШН хоорондоо нэгдэж нийлэхээр намын удирдлагуудын төвшинд нэлээд яриа хэлэлцээр явуулж байгаа гэсэн. Энэ хэр үр дүнтэй байгаа бол?
-Энэ асуудал нууц. Хариулт өгөх болоогүй. Харин нууц асуудлыг дэлгэсэн хүний чихийг огтолно гэж дамжуулаарай.
-Өнөөдөр долдугаар сарын нэгэн. Та нэгний бас нэг хохирогч, шоронд хоригдоод гарсан хүн. Өнөөдөр юу хэлмээр байна?
-Хүн буудсан нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад тавын таван хүн буудчихаад хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Харин та нар наад асуудлаа энэ эрх барьж байгаа нөхдүүдээс өдөр болгон нэхэх ёстой шүү.
-Таныг энэ хэрэгт шалгаж дууссан уу?
-Мэдэхгүй, надад юу ч хэлээгүй.
-Долдугаар сарын 1-нд хүн буудсан хүмүүстэй хариуцлага тооцно гэвэл онц байдал зарласан Ерөнхийлөгч бас хариуцлага хүлээхгүй юу? Харин та сонгуулийн өмнө экс Ерөнхийлөгчийг дэмжиж байсан шүү дээ?
-Би жилийн өмнө Н.Энхбаярыг дэмжинэ гээд ам өгчихсөн байсан, түүнийгээ л хийсэн. Зарчим байх ёстой биз дээ. Тэгээд ер нь Н.Энхбаярт эрх чөлөө, ардчилал ямар хамаатай юм. Одоо байгаа зарим хүний л хийсэн ажил шүү дээ. Намынхаа байран дотор архи уучихсан “Бууд” гээд хашгираад сууж байсан гэнэ лээ.
-Экс Ерөнхийлөгч одоо Чингэлтэйн нөхөн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэгдээд байгаа. Дэвшвэл та бас дэмжих үү?
-Үгүй. Одоо Н.Энхбаяр гарч ирэхгүй шүү дээ, хүмүүс ч сонгохгүй. Түүнийгээ эрх биш мэдэж байгаа байлгүй дээ. У.Хүрэлсүх, Л.Одончимэд нь дэвших байлгүй. Одоо энэ улс төр надад үнэхээр сонирхолгүй байна. Харин Сүхбаатарын талбайд нэг их сайхан шоу хийгээд хоёр талаар нь шорлог, бууз, хуушуур зараад байж байвал амар амгалан байна. Ард түмэн тайван амьдармаар байна. Та нар энэ улс төрөөс уйдахгүй байна уу. Нэг хүнийг нөгөөгөөр солилоо. Үр дүнд нь юу өөрчлөгдөх вэ.
-Одоо ч гэсэн та Ц.Элбэгдоржийг хүлээн зөвшөөрөхгүй байна уу?
-Бүгдээрээ л адилхан шүү дээ. Наадуул чинь аль хэдийн бие биедээ хадаг бариад, өвөр түрийдээ орчихсон. УИХ-ын гишүүд ч гэсэн хурал дээр хэрэлдчихээд гараад бүгдээрээ тэврэлдээд, ууж идээд явж байдаг биз дээ.
-ҮШН, БНН нэгдвэл та Чингэлтэйд нэр дэвших үү?
-Тэр тухай чинь бодож байж шийднэ ээ. Уг нь бол надад УИХ-ын гишүүн болох ямар ч шаардлага алга. Гэхдээ БНН-ыг УИХ-д суудалтай болгож аваад С.Баяр, Ц.Нямдорж хоёрт долдугаар сарын 1-ний хэргээр хариуцлага үүрүүлмээр байна. Хэрвээ ард түмний өгсөн саналыг сольчихдоггүй бол. Өнгөрсөн сонгуулиар би Сонгинохайрханаас нэгээр гарсан шүү дээ. Гэтэл тэр саналыг сольсон. Батзандан, Магнай гарсан, бас сольсон. Н.Алтанхуяг, С.Оюун хоёр бол харин гараагүй юм шүү. Харин Д.Тэрбишдагва нэг юм бизнес энэ тэр хийдэг болохоороо мөнгө төгрөг өгч байгаад гарсан байх. Би ч гэсэн УИХ-д гарч ирээд сая доллар үрсэн шүү дээ. Өөрийнхөө мөнгөөр утасныхаа төлбөрийг хийж, өөрийнхөө машинаар ажлаа хийж, өөрийнхөө мөнгийг тойргийнхондоо өгсөн.
-Гэхдээ гишүүнийхээ цалинг ядаж авдаг байсан биз дээ?
-Түүгээр би яах юм бэ. Туслахууд гэж гурвын гурван ажил хийдэггүй нөхөр байсан. Тэдэнд хуваагаад өгсөн. Тийм учраас УИХ-ын гишүүн байх сонирхол бол надад үнэндээ алга. Цорын ганц шаардлага нь түрүүний хэлсэн нөхөдтэй хариуцлага тооцох явдал.
Б.АМАР