Нүүр -> Нийтлэлийн булан -> altargana-н нийтлэлүүд

Та хаанаас ирсэн бэ ?
2009-07-04 04:11:43 УБ
Нийтлэгч: altargana Үзэх хаяг: http://news.banjig.net/news/read/14333
Монгол
Монгол
Хилийн дээс алхсан хэн боловч ийм асуулттай таардаг байх аа. Би ч ялгаагүй. Энд ази царайтай хүмүүсийг хятад гэж бодоцгооно. Эх орноо нэрлэхэд мэддэг хүн бараг байдаггүй нь харамсалтай, сайхан магтаад ярьчихъя гэхээр хэдэн үг нь хүрэлцдэггүй нь гачлантай.


Ирснийхээ дараахан нэг хүнтэй  санаандгүй танилцсан чинь монгол гэж сонсонгуутаа дуу алдаад гүйж ирээд гар хөл бариад сүйд болов. Би оройхон шиг автобусны буудал дээр зогсож байлаа. Хүн ч цөөн байсан, нэг хүн Ни хао (хятадаар сайн байна уу гэсэн үг) гэхийг  сонсоод нэг хужаа л утсаар ярьж байгаа юм байх гээд тоогоогүйм .

Тэгсэн яах аргагүй надад хандаад дахиад хэлэхээр нь би хятад биш ээ, монголоо гэсэн. Манай Чингис хааныг сайн мэддэг, сонирхдог хүн байж таараад эгээ л охинтой нь уулзчихсан юм шиг л баярласан   нь инээдтэй мөртөө сайхан санагдсан шүү.

Ер нь зарим оросуудыг эс тооцвол  монголын тухай мэддэг ганц танил маань энэ  байлаа. Монголын тухай ном олж өгөөч гэж шалаад,  надад нутгаас авчирсан нэг ном байсан тул эргээд уулзахаар тохиров.

Хожим нь бид 2 хэд хэд уулзаж хамт хоол идэж их юм ярьсан. Харин сүүлийн хоёр жил  хааяа нэг утсаар ярих төдий, би ажил гээд энүүгээр тэнүүгээр тэнээд зав зай ч муутай, газар ч холдоод    уулзаагүй.

Миний нөгөө өгсөн ном ёстой хөгийн, 1990 онд нөгөө социализмаа барьж байгуулж байх үед хэвлэгдсэн, 4-5 хан дээд сургуультай ч гэх шиг. Чингис хааны тухай маш товчхон, ердөө нэг  хуудас бичсэн, арай л алан хядагч гээгүй байх.

Би хэл сурах гэж оролдож эхлэхдээ энэ номыг харж байсан,  үг өгүүлбэрийн бүтэц нь их хялбархан, ойлгомжтой болохоор доторхи утгыг нь нэг их чухалчлаагүй байсан юм. Тэгээд нөгөө найздаа тоо баримт нь их хуучин буруу шүү, гол нь манай орны газар  зүй, байгаль, цаг уур, баялаг, ан амьтан гээд нийгмийн бүтцээс хамааралгүй юмнуудыг нь уншиж судлаарай гэж захилаа.

Энэ найз маань хятадаар сайн ярьдаг, ази гаралтай (өөрийн нь ярьснаар хичнээн ч цус холилдсон юм, эмээ нар нь герман, америкийн индиан, өвөө нар нь нэг нь малайз нөгөө нь мексик), тэр нь ч илт харагддаг, яг европ хүн шиг томоо ногоон нүд, монхор хамар, бавайсан сахалтай мөртөө над шиг намхан.

Хаана амьдардаг, хэдэн настай, юу хийдгийг нь би мэддэггүй, асуугаа ч үгүй, өөрөө ч юм хэлээгүй.  60-тай юм уу 70-тай ч байж магадгүй. Энэ хүнээс надад таалагддаг нь монголын тухай юухан ч болов мэдэх гэсэн эрмэлзэл, гадаадынхантай харьцаж сурсан учраас ойлгомжтой, аажуу ярьдаг инглиш хoёр байлаа. Тэрнээс биш хувцас энэ тэрийн талаар ямар ч вкус байхгүй, дэндүү хээгүй (заримдаа  "хээтэй"  байх ёстой биз дээ, ялангуяа эмэгтэй хүнтэй уулзахдаа), хааяа  цуг явахаар ичмээр,  зуны халуунд  түрийтэй бажийнк ч өмсчихсөн явах шиг.
 
Ном бичиж байгаа, тэрэндээ Чингисийн монгол цэргүүдийн тэсвэр тэвчээр, хүч чадлыг хүнс хоолтой нь холбоотой  гэж бичсэн гээд намайг Рийвэрсайдад байхад шуудангаар хэдэн хуудас илгээсэн байсан. Тэр нь одоо хаа нэгтэй миний цаасан дотор л яваа байх. Урт удаан насалж болох арга замыг зөвлөсөн утгатай ном байл уу даа.

Ямар ч байсан хаа хамаагүй хүн бидний өвөг дээдсийг мэддэг, үнэлдэг, илүү ихийг мэдэхсэн гэж хүсэж байгаа  нь сайхан санагдсан юм даа. Дээр үеийн эхнэр хүний дэргэр үстэй зураг харчихаад чамд ийм хувцас бий юу гэж  бараг зуун жилийн өмнөх  юм асуугаад    инээдтэй, тэрийг нь би байтугай манай ээж ч өмсөж үзээгүй юм чинь. Эрийн 3 наадмын тухай сонирхоод   би ч тайлбарлах гэж алаад өгсөн л дөө (хэл дутагдаад), арай л ресторан дотор дэвж шаваагүй байх.

Ер нь би танилууддаа монголын тухай сонирхуулахдаа сайхан охидууд, залуучууд тоглосон  видео клипүүдийг үзүүлдэг. Сан Францискогийн Азийн урлагийн музейг нэг хүнтэй үзэж явтал Монголын бүтээл гэсэн хаягтай алтан бурхан хараад миний баярласныг ээ. Энэ юу ч биш манайд том музей дүүрэн янз бүрийн алтан бурхнууд бий гээд л гайхуулаад авсан.

Ер нь хаа ч явсан эх оронтой минь холбоотой юм харагдвал баярладаг, нэг удаа  Сан Францискогийн төвд олон улсын хурал юм уу арга хэмжээ болсон бололтой баахан төрийн далбаа өлгөчихөж, өөрийнхөө алтан соёмботоо харангуут нүдэнд нулимс дүүрээд ирж билээ.

Та хаанаас ирсэн бэ ?

Монголоосоо, өө танай орон их сайхан шүү гээд хүн болгон хариулдаг бол сайхан аа !




altargana-н сүүлийн 3 нийтлэл

- Дуулиантай хөх эрчүүдтэй өнгөрүүлсэн наргиантай нэг үдэш
- Одод ханьсах шөнөөр
- Хорин дөрвөн цагийн хот